АНУ-ын SpaceX компани Калифорни дахь Launch Complex 4E-ээс Falcon 9 пуужинг амжилттай хөөргөж, дэлхийн тойрог замд Starlink хиймэл дагуулын шинэ багцыг байршууллаа. Энэ нь Starlink төслийн 300 дахь албан ёсны номлол болж байна.
Starlink-ийн анхны хөөргөлт 2019 оны тавдугаар сард болсон бөгөөд үүнээс хойш дэлхийн алслагдсан бүс нутгийг өндөр хурдны интернетээр хангах сүлжээ тасралтгүй өргөжин тэлсээр иржээ. Сүлжээний онцлог нь уламжлалт оператор хүрч чадахгүй бүсэд хүртэл хиймэл дагуулын холболтоор дамжуулан найдвартай интернет үйлчилгээ үзүүлэх боломжтойд оршдог.
SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск сүүлийн ярилцлагадаа: Starlink нь бусад үүрэн холбооны операторуудыг зах зээлээс шахах зорилгогүй, харин хамтран ажиллаж, холболтын боломжийг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа онцолсон.
Мөн тэрээр өмнө нь Starlink компанийн EchoStar-тай хамтын ажиллагаа болон Direct-to-Cell технологийн хөгжүүлэлтийн талаар дурдсан. Энэ системийн ачаар өндөр хурдны интернетийг шууд хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд хүргэх боломжтой болох ч одоогийн ухаалаг утаснууд шинэ давтамжийг дэмжихийн тулд техник хангамжаа шинэчлэх шаардлагатай гэдгийг тэмдэглэжээ.