$800 тэрбумын үнэлгээ рүү чиглэсэн дотоод арилжаа
Дэлхийн тэргүүн баян Илон Маскийн үүсгэн байгуулсан компаниудын нэг SpaceX зах зээлийн үнэлгээгээ 800 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж буй талаар мэдээллээ. Үнэлгээ ийн өсөх нь ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй хувьцааны дотоод арилжаатай холбоотой бөгөөд энэ үеэр ажилчид өөрсдийн эзэмшдэг хувьцааг компанийн санал болгосон үнээр зарах боломжтой болох юм.
OpenAI түрүүлж байсан ч SpaceX дахин тэргүүлэхээр болов
Өнгөрсөн аравдугаар сард ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанийн үнэлгээ 500 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компанийн байр суурийг SpaceX-ээс түр хугацаанд булаасан гэж мэдээлж байв. Тухайн үед OpenAI-ийн үнэлгээ SpaceX-ийн 400 тэрбум ам.долларын үнэлгээнээс 100 тэрбум ам.доллараар давж байсан юм. Харин SpaceX одоо үнэлгээгээрээ дахин тэргүүлэхээр болж байна.
Хувьцааны ханшийн шинэ төлөвлөгөө
SpaceX долдугаар сард дээрх үнэлгээнд хүрэхдээ нэгж хувьцаагаа 212 ам.доллараар тооцож байсан гэж дурджээ. Харин энэ удаагийн дотоод арилжаанд нэгж хувьцааг бараг хоёр дахин өндөр үнээр буюу 421 ам.доллараар тооцохоор төлөвлөсөн байна.
2026 оны IPO ба $1.5 их наядын зорилт
Компанийн зүгээс гараг хоорондын аяллын Starship хөлөг, тойрог замын дата төв, Саран дээрх суурин станц зэрэг томоохон төслүүдээ илүү хурдтай хэрэгжүүлэхийн тулд 2026 онд IPO хийх буюу анхдагч зах зээлд хувьцаагаа гарган, нээлттэй компани болохоор төлөвлөснөө баасан гарагт зарласан байна. Энэ хүрээнд SpaceX зах зээлийн үнэлгээгээ 1.5 их наяд ам.долларт хүргэж, 2019 онд Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компанийн тогтоосон амжилтыг давтах зорилт тавьсан гэж мэдээлжээ.