Subaru цахилгаан BRZ загварыг бүтээж, Европын зах зээлд эргэн ирэхээр зорьж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Subaru цахилгаан BRZ загварыг бүтээж, Европын зах зээлд эргэн ирэхээр зорьж байна

Японы автомашин үйлдвэрлэгч Subaru компани өөрийн алдарт BRZ спорт машины бүрэн цахилгаан хувилбарыг бий болгох боломжийг идэвхтэй судалж байгаа тухай Autocar сэтгүүл мэдээлжээ. Энэ алхам нь Европ дахь хатууруулсан байгаль орчны зохицуулалтаас улбаалан BRZ-ийн уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй хувилбарууд тус бүс нутгийн зах зээлээс шахагдсаны дараах нөхцөл байдалд хариу арга хэмжээ болох юм.

Subaru-ийн Европ дахь хэлтсийн гүйцэтгэх захирал Дэвид Делло Стритто “Бид BRZ загварыг Европт дахин гаргах янз бүрийн хувилбарыг судалж байгаа. Тэдгээрийн дотор бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загварын тухайд бид идэвхтэй ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр ойрын хугацаанд цахилгаан кроссовер төрлийн автомашинууд, тэр дундаа Uncharted загвар нь Subaru-ийн гол анхаарлын төвд байх болно гэдгийг онцолсон.

Субаругийн цахилгаан автомашины хөгжлийг хариуцсан Иноуэ Масахико BRZ болон Toyota GT86 загваруудыг цахилгаанжуулах боломжийг Toyota компанитай хамтран хэлэлцэж байсныг хүлээн зөвшөөрсөн боловч хоёр тал харилцан ашигтай тохиролцоонд хүрч чадаагүйг дурдсан. Үүний зэрэгцээ Масахико эрлийз BRZ загвар гаргахыг үгүйсгэж, бүтцийн хувьд ийм хувилбар нь ашигтай биш гэдгийг тэмдэглэсэн. Түүний хэлснээр, спортын зориулалттай цахилгаан машиныг эхнээс нь тусгайлан төлөвлөж бүтээх нь илүү үр дүнтэй шийдэл байх болно.

Subaru-ийн ирээдүйн цахилгаан спорт машины концепци нь 2023 онд танилцуулах Sport Mobility загварт тулгуурласан байх магадлалтай. Энэ нь ирээдүйн хэв маяг бүхий, өндөр суудалтай, хоёр хаалгатай, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй купе загвар юм. Хэдийгээр концепцийн техникийн үзүүлэлтүүдийг хараахан дэлгээгүй ч Subaru-ийн одоогийн цахилгаан машинууд нийт 377 морины хүчтэй хоёр цахилгаан мотортой байдгаараа онцлогтой.

Одоогоор хоёр дахь үеийн дотоод шаталтат хөдөлгүүртэй BRZ загварын хязгаарлагдмал хувилбарууд Европт нийлүүлэгдэж байгаа. Жишээлбэл, Германд “Final Edition” хувилбараас 300 ширхэг, Италид “Touge Edition” хувилбараас 60 ширхэг борлуулагдаж байна. Гэсэн хэдий ч Европын байгаль орчны хатуу стандартыг хангах боломжгүй учраас Subaru компани энэ загварыг Европын зах зээлд өргөн хэмжээгээр нийлүүлэх төлөвлөгөөгүй байгаа ажээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.