Телеграмын залилангийн сүлжээ илчлэгдлээ: Долоон этгээдийг баривчилж, 31.4 тэрбумын хохирол илрэв

нийтлэгч Содном Энхбаяр
Телеграмын залилангийн сүлжээ илчлэгдлээ: Долоон этгээдийг баривчилж, 31.4 тэрбумын хохирол илрэв

Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гадаад улсаас “Телеграм” платформоор Монголын иргэдийг залилдаг долоон этгээдийг илрүүлж, баривчилсан тухай мэдээллээ.

2024 оны 7-р сараас хойш “Телеграм” аппликэйшн ашиглан үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй залилах гэмт хэрэг 1,362 бүртгэгдэж, иргэдэд нийт 31.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Иймээс иргэдийг “Телеграм” орчинд үйлдэгдэж буй залилангаас болгоомжлохыг анхааруулж, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй, интернэт банк, цахим хэтэвчээ бусдад ашиглуулахгүй, хувийн мэдээллээ хуваалцахгүй байхыг санууллаа.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн энэ талаар дараах мэдээллийг өгчээ: “Телеграм орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг дайчлан баривчилсан. Урьдчилсан байдлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гадаад улсаас манай улсын иргэд рүү энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг дайчлан баривчилж, есдүгээр сарын 2-ний өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас нэг жилийн хугацаанд баримтжуулж, гадаад улсаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа дээрх бүлэг этгээдийг олж тогтоон дайчлан баривчилсан. Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас манай улсын иргэд рүү чиглэн гэмт хэрэг үйлдэж байгаа Монгол Улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилга зарлан, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа,” гэж хэллээ.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Баргул 9 сар 5, 2025 - 1:11 pm

Ийм их мөнгөөр хүмүүсийг хохироосон гэхэд үнэхээр аймшигтай байна

Дэлгэрэнгүй унших Reply
Ботохой 9 сар 5, 2025 - 1:26 pm

Цагдаагийнхан сайн ажиллажээ, шударга ёс ялсан байна

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.