Tesla компани илүү авсаархан, илүү хямд үнэтэй шинэ цахилгаан автомашин хөгжүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогийн яригдаж буй төсөл нь Tesla Model 3 эсвэл Tesla Model Y-ийн хялбаршуулсан хувилбар биш, харин тусдаа бие даасан шинэ загвар байх аж. Урьдчилсан мэдээллээр энэ нь жижиг оврын цахилгаан кроссовер байх бөгөөд төсөл одоогоор эхний шатандаа явж байгаа ч Tesla нийлүүлэгчидтэйгээ техникийн үзүүлэлт болон ирээдүйн үйлдвэрлэлийн талаар аль хэдийн яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа гэнэ.
Шинэ автомашины урт ойролцоогоор 4.28 метр байх төлөвтэй байгаа нь түүнийг Model Y-оос мэдэгдэхүйц жижиг ангилалд оруулж байна. Одоогийн төлөвлөгөөгөөр үйлдвэрлэлийг эхлээд Шанхайд эхлүүлж, дараа нь АНУ болон Европт үе шаттайгаар нутагшуулах боломжтой гэж үзэж байна.
Энэ загварын гол зорилго нь өртгийг бууруулах явдал юм. Машины үнэ Tesla Model 3-ийн үндсэн хувилбараас ч доогуур байх ёстой гэж төлөвлөж байгаа аж. Үүнд хүрэхийн тулд Tesla хийцийг хялбаршуулах хувилбаруудыг судалж байна. Тухайлбал, багтаамж багатай зай ашигласнаар нэг цэнэглэлтээр туулах зайг бууруулах, хоёр моторын оронд нэг цахилгаан мотор хэрэглэх, мөн кузовын хэсэгт илүү хямд материал ашиглах хувилбаруудыг авч үзэж байгаа гэнэ.
Энэ төслийг Tesla олон нийтэд илүү хүртээмжтэй автомашин бүтээх анхны зорилгодоо дахин ойртож буй алхам гэж харж байна. Ялангуяа Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед компанийн хувьд илүү өргөн зах зээлд чиглэсэн стратеги руу буцах шаардлага улам мэдрэгдэж байгаа бололтой.
Гэхдээ энэ загварыг үйлдвэрлэлд албан ёсоор оруулах эсэх талаар эцсийн шийдвэр одоогоор гараагүй байгаа бөгөөд зах зээлд хэзээ гаргах нь ч тодорхойгүй хэвээр байна.