“The MongolZ” баг BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

нийтлэгч Содном Энхбаяр
"The MongolZ"

Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 АНУ-ын Аустин хотноо гуравдугаар шатны сүүлийн тоглолтуудаар үргэлжилж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн 32 баг гурван шатанд хуваагдан тойргийн журмаар өрсөлдөж байгаа бөгөөд гуравдугаар шатанд баг тус бүр таван тоглолт хийх эрхтэй. Эндээс түрүүлж гурван ялалт байгуулсан найман баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарах юм.

Монгол Улсыг төлөөлөн оролцож буй, 1xBet -ийн ивээн тэтгэлэгтэй The MongolZ баг энэ шатанд АНУ-ын Team Liquid, БНХАУ-ын Lynn Vision багуудыг хожсон бол, Бразилын FURIA болон Европын FaZe Clan багт ялагдсанаар тав дахь шийдвэрлэх тоглолт хийх шаардлагатай болсон.

Шөвгийн наймд шалгарахын төлөө Европын шилдэг багуудын нэг болох G2 Esports-тэй “Bo3” буюу гурван map-аар ялагчийг тодруулах тоглолт хийж, манай баг 2:0-ээр итгэл төгс ялалт байгууллаа. Эхний map болох Ancient дээр “The MongolZ” баг 13:6 онооны харьцаагаар ялагч болж, дараагийн map буюу G2-ийн сонгосон Dust II дээр таван удаагийн нэмэлт үеийн дараа 28:25-аар ялан дийлсэн юм.

Тоглолтын шилдэг тоглогчоор “The MongolZ” багийн гишүүн Senzu буюу М.Азбаяр шалгарч, багийнхаа ялалтад гол хувь нэмэр орууллаа.

Ийнхүү Монголын баг “The MongolZ” CS2 тоглоомын энэ оны анхны ДАШТ-д шөвгийн наймд шалгарч, дэлхийн шилдгүүдтэй Playoffs шатанд хүч үзэхээр болж байна. Тэмцээний шөвгийн найман багийн тоглолтууд энэ долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.