Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цахим спортын дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн “The MongolZ” баг HLTV-ийн дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдлээ.
Энэ бол Монголын цахим спортын түүхэнд гарсан хамгийн өндөр амжилт бөгөөд багийнхан сүүлийн тоглолтдоо Туркийн “Aurora” багийг 3:0-ээр буулган авч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсан юм. Дэлхийн цомд багийн тоглогч Techno MVP буюу хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон нь Монголын цахим спортын түүхэнд дахин нэг дээд амжилт нэмэгдүүлэв.
“The MongolZ” багийн сүүлийн саруудын амжилтуудаас дурдвал:
- ДАШТ-д түрүүлсэн
- Blast Premier Bounty Fall 2025 тэмцээнд мөнгөн медаль хүртсэн
- IEM Cologne 2025 тэмцээний хагас шигшээд шалгарсан
- BLAST.tv Austin Major болон ESL Pro League Season 21-ийн финалд өрсөлдөн дэд байрт орсон
Эдгээр тоглолтууд нь дэлхийн чансаанд тэднийг богино хугацаанд дээгүүр байрт гаргах гол хүчин зүйл болсон гэж шинжээчид онцолж байна.
“The MongolZ”-ийн залуусын дараагийн сорилт нь ирэх сарын 12-нд эхлэх “Fissure Playground 2” тэмцээн байх бөгөөд тэд дахин шилдэг амжилт гаргахыг зорьж байна.