Мальтад болох CS2-ийн аваргуудын тулаан
Цахим спортын “Counter-Strike 2” төрлийн нэр хүндтэй тэмцээн болох Thunderpick World Championship 2025 энэ сарын 15–19-ний хооронд Мальта улсад болно. Энэхүү тэмцээн нь 850,000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 8 баг хоёр хэсэгт (А, В) хуваагдан өрсөлдөх юм. Хэсгийн эхний хоёр байр эзэлсэн багууд Playoffs шатанд шалгарах дүрэмтэй.
Монголын “The MongolZ” А хэсэгт өрсөлдөнө
Монголын шилдэг баг “The MongolZ” энэ удаагийн тэмцээнд А хэсэгт багтсан бөгөөд дараах багуудтай нэг хэсэгт тоглоно:
- Бразилын “FURIA”
- Данийн “OG”
- Аргентины “9z Team”
“The MongolZ” баг анхны тоглолтоо аравдугаар сарын 15-нд 19:30 цагт “9z Team”-ийн эсрэг Best of 3 буюу гурван “map”-аар ялагчийг тодруулах хэлбэрээр хийнэ. Хэрэв тэд ялбал дараагийн өдөр буюу 10-р сарын 16-нд 16:30 цагт “FURIA” болон “OG”-ийн тоглолтын ялагчтай хэсгийн тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.
Өмнөх амжилт ба шинэ сорилт
“The MongolZ” баг өнгөрсөн онд Германд болсон Thunderpick World Championship 2024 тэмцээнд түрүүлж, 500 мянган ам.долларын шагнал хүртэж байсан билээ. Тэд энэ жил аваргаа хамгаалж, дахин дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргах зорилготой байна.
В хэсгийн өрсөлдөгчид
В хэсэгт дараах дөрвөн баг өрсөлдөнө:
- Украины “Natus Vincere” (NaVi)
- Туркийн “Aurora Gaming”
- Бразилын “Imperial Esports”
- Польшийн “Team Venom”
Аваргын эзэн баг 500,000 ам.долларын, дэд байр 150,000 ам.долларын шагнал хүртэх бол бусад байр эзэлсэн багууд үлдсэн сангаас хувь хүртэнэ.