Монголын цахим спортын шилдэг баг “The Mongolz” АНУ-ын Остин хотод болж буй “BLAST.tv Austin Major 2025” дэлхийн аваргын хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо Германы алдарт “G2” багийн эсрэг хийж, домогт амжилтын эзэн боллоо. Энэхүү ширүүн тулаанд манай баг өрсөлдөгчөө 2:0-ээр хожиж, плэйоффт шалгарав.
Ялангуяа “Dust2” газрын тоглолт түүхэн байдлаар онцгой байсан юм. Энэ тоглолтод таван удаа нэмэлт цаг гарч, нийт 53 үеийн турш хоёр баг илүү гарах гэж хичээсний эцэст Монголын тамирчид 28:25-аар ялалт байгууллаа.
Тус тоглолтын үеэр “The Mongolz” багийн тоглогч М.Азбаяр буюу “Senzu” нэг тоглолтод 56 дайсан устгаж, CS2/CS:GO Major тэмцээний түүхэн дээд амжилтыг тогтоов. Өмнө нь энэхүү рекордыг Niko 52 “kill”-тэйгээр эзэмшиж байсан.
1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд 32 баг тойргийн системээр тоглосноор шилдэг найман баг шалгараад байна. “The Mongolz” баг шөвгийн наймд АНУ-ын “Faze Clan” багтай учраа таарсан бөгөөд тоглолт энэ пүрэв гарагт эхэлнэ. Сонирхуулахад, хэсгийн шатанд эдгээр багууд тоглохдоо “Faze Clan” 2:0-ээр ялалт байгуулж байсан билээ.