Апп доторх бэлгийн карттай шууд худалдан авалтын шинэ үе
TikTok Shop платформ дотор дижитал бэлгийн карт худалдах боломж нэмэгдсэнээр хэрэглэгчид апп-аа орхиод ч хэрэггүйгээр TikTok дээрээсээ шууд бэлэг худалдан авах боломжтой боллоо гэж TechCrunch мэдээлжээ.
Шинэ шийдлээр хэрэглэгч 10–500 ам.долларын хооронд дүнтэй бэлгийн карт авч, хүлээн авагчийн имэйл рүү илгээх боломжтой. Бэлгийг ашиглахын тулд хүлээн авагч TikTok данстай байх шаардлагатай бөгөөд карт идэвхжсэн даруйд мөнгө нь TikTok-ийн дотоод үлдэгдэл рүү шууд орж, платформ дотор зарцуулалт хийхэд бэлэн болно. Хүлээн авагч нь талархлын мессеж буцаах, эсвэл өөрөө дахин бэлгийн карт илгээх боломжтой байдлаараа дотоод экосистем доторх хэрэглээг улам идэвхжүүлж байна.
Хувь хүний өнгө аястай бэлэг: хөдөлгөөнт загвар, баярын сэдэвтэй картууд
TikTok дижитал бэлгийн картын шинэ функцдээ хувийн тохиргоо, сэтгэл санааны ачааллыг онцгой анхаарсан. Хэрэглэгч төрсөн өдөр, хурим, талархал болон бусад баяр ёслолын арга хэмжээнд зориулсан хөдөлгөөнт, анимейшнтэй загваруудаас сонгон карт илгээж болно.
Ийм төрлийн дижитал бэлгийн картын экосистемийг Amazon, eBay зэрэг томоохон цахим худалдааны платформууд аль хэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн ч TikTok Shop үүнийг богино форматтай контент, лайв худалдаа давамгайлсан орчиндоо нэгтгэж өгснөөрөө онцлог болж байна.
Одоогоор энэхүү боломж зөвхөн АНУ-ын хэрэглэгчдэд нээлттэй байгаа ч TikTok Shop функцээ бусад зах зээл рүү тэлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
2026 онд интерактив задлах, видео мессеж нэмэгдэхээр төлөвлөгдөж байна
Танилцуулсан функц одоогоор эхний хувилбар хэлбэрээр ажиллаж байгаа ч 2026 оноос илүү интерактив, контент төвтэй хөгжүүлэлтүүд нэмэгдэхээр байгаа юм. Төлөвлөгөөнд нь бэлэгт видео мессеж хавсаргах, бэлгийн картыг задлах мөчид хүлээн авагчийн хариу үйлдлийг бодит цаг хугацаанд бичиж хадгалах “interactive unboxing” маягийн шийдэл багтжээ. Ингэснээр TikTok-ийн гол давуу тал болох богино видео, шууд урсгалын формат бэлгийн картын туршлагатай бүрэн уялдах боломжтой болно.
Өвлийн худалдааны оргил үеийг онилсон стратеги болов
Шинэ боломжийг өвлийн амралтын оргил үеэр, уламжлал ёсоор онлайн худалдаа хамгийн идэвхтэй болдог үед нэвтрүүлсэн нь тохиолдол биш юм. Энэ оны арваннэгдүгээр сарын Хар Баасан гараг, Кибер Даваа орсон дөрвөн өдрийн борлуулалтын үеэр АНУ-ын TikTok Shop 500 сая ам.доллараас давсан борлуулалт хийсэн нь платформын цахим худалдааны потенциалыг нотолжээ.
Дижитал бэлгийн карт нэвтрүүлснээр энэхүү өсөлтийг хадгалах, хэрэглэгчдийг TikTok доторх хаалттай экосистемд улам удаан байлгаж, дэлгүүр хэсэх сэдлийг нь нэмэх зорилготой гэж дүгнэж болно.
АНУ дахь ирээдүй нь эргэлзээтэй ч худалдааны функцууд тэлсээр байна
TikTok Shop АНУ-д борлуулалтаа эрчимтэй өсгөж байгаа хэдий ч платформын ирээдүй тодорхой бус хэвээр байна. Хэрэв TikTok-ийг АНУ-ын бүтцийн хяналт дор оруулах хэлцэлд хүрч чадахгүй бол аппликейшнийг зах зээлээс гаргах эрсдэл байгааг онцолж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг 2026 оны нэгдүгээр сарын 23-нд гаргахаар товложээ.
Ингэж улс төр, зохицуулалтын тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч TikTok Shop талдаа хэрэглэгчийн зарцуулалтыг платформ дотроо түгжих, дотоод төлбөр тооцооны системийг бэхжүүлэх чиглэлд нэг алхам урагшилсан нь дижитал бэлгийн картын функцээр тод харагдаж байна.
