Tiny Corp компани нь AMD график картыг USB 3 интерфэйсээр дамжуулан Mac, Windows болон Linux системүүд дээр амжилттай ажиллуулсан анхны туршилтыг хийснээ зарлалаа. Энэ нь Apple Silicon процессортой Mac төхөөрөмжүүд дээр гадаад GPU ашиглах боломжгүй гэсэн хязгаарлалтыг тойрсон анхны шийдлүүдийн нэг болж байна.
Энэхүү шийдэл нь TinyGrad нэртэй машин сургалтын фреймворктай хамтран ажиллах зориулалттай бөгөөд libusb номын санг ашигласнаар ямар ч PCIe оролтгүй төхөөрөмж дээр GPU-г ажиллуулах боломжтой болгожээ.
Apple Silicon суурьтай Mac төхөөрөмжүүд нь Thunderbolt 3, USB 4 интерфэйсийг дэмждэг ч, гадаад GPU-г дэмждэггүй. Тиймээс энэ төрлийн төхөөрөмжүүд дээр хиймэл оюун ухааны загвар сургах, ажиллуулахад хязгаарлалттай байсаар ирсэн. Tiny Corp-ийн шийдэл нь энэ асуудлыг хялбар, уян хатан аргаар шийдэх оролдлого болж байгаа юм.
Энэ туршилтад ASM2464PD чип дээр суурилсан ADT-UT3G адаптер ашигласан бөгөөд анх Thunderbolt 3/4 болон USB4 оролттой ажиллахаар бүтээгдсэн энэ адаптерийг тусгай програмчлалын аргаар USB 3 оролтод тохируулан ажиллуулжээ. Tiny Corp техникийн нарийвчилсан мэдээллийг хараахан дэлгээгүй ч, адаптер нь PCIe командуудыг USB мэдээлэл болгон хөрвүүлдэг гэж таамаглаж байна.
Хэдий хакердсан (modded) гэж нэрлэгдэхүйц шийдэл ч, энэ арга нь цөмийн түвшний драйвер ашиглахгүй, зөвхөн хэрэглэгчийн түвшний программ хангамж ашигладаг. Үүний улмаас системийн тогтвортой байдал алдагдахгүйгээр GPU-г ашиглах боломжтой. Одоогийн байдлаар энэ шийдэл нь AMD-ийн RDNA 3 ба RDNA 4 график процессорууд дээр ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд RDNA 2 загваруудад ч дэмжлэг үзүүлэхийг үгүйсгээгүй байна.
Хязгаарлалттай дамжуулалтын хурд (10 Gbps) болон USB 3 интерфэйсийн шалтгаанаар загвар ажиллуулах гүйцэтгэл PCIe системтэй харьцуулахад удаан байх магадлалтай. Гэвч Mac хэрэглэгчдэд зориулсан AI болон ML хөгжүүлэлтийн уян хатан, шинэ боломж нээгдэж байгаа нь чухал гэж шинжээчид үзэж байна.
Tiny Corp энэ шийдлийг олон нийтэд туршиж үзэх боломжтой болгохоор зорьж байгаа бөгөөд ойрын хугацаанд илүү дэлгэрэнгүй техникийн мэдээллийг зарлах төлөвтэй байна.