Интернэт хэрэглэгчид Samsung Galaxy S26 Ultra-гийн шинэ тод улбар шар өнгийн хувилбарын зургуудыг олж харсны дараа “Apple-ийг хуулсан уу?” гэх асуулт халуун сэдэв болж байна.
X (хуучнаар Twitter) платформ дээр нийтлэгдсэн зургууд дээр Galaxy S26 Ultra утас мөнгө, алт, улбар шар гэсэн гурван өнгийн хувилбартайгаар гарсан бөгөөд тод улбар шар загвар нь хамгийн их анхаарал татаж, маргаан дэгдээжээ.
Олон хэрэглэгч уг өнгийг өнгөрсөн сард танилцуулсан iPhone 17 Pro-гийн “Сансрын улбар шар (Space Orange)” өнгөтэй бараг ижил гэж үзэж байна. “India Today Tech” хэвлэл энэ үзэгдлийг хошигнон “Сансрын улбар шар эффект” гэж нэрлээд, “Samsung Apple-аас санаа авсан байж мэднэ” хэмээн тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч эдгээр зургууд нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн байх магадлал өндөр гэж шинжээчид үзэж байна. Samsung уламжлалаар Ultra цувралдаа илүү даруухан, сонгодог өнгө ашигладаг тул ийм тод өнгө нь олон хэрэглэгчдэд сюрприз болжээ.
Ирэх 2026 оны нэгдүгээр сард танилцуулах төлөвтэй байгаа Galaxy S26 Ultra нь өнгөрсөн жилийн S25 Ultra-гийн загвартай төстэй ч AI технологийн сайжруулалт, шинэ камерын шийдэл бүхий интеллектуал загвар болох төлөвтэй байна.