Трампын байгууллага шинэ Android гар утас болон утасгүй холбооны үйлчилгээний Trump Mobile брэндийг зарлаж, 2025 оны 9-р сард хэрэглэгчдийн гарт хүргэхээр болжээ. Тус төсөл нь алтлаг хүрээтэй T1 нэртэй утас, $47.45 сарын төлбөртэй хязгааргүй хэрэглээний төлөвлөгөө, АНУ-ын дотоодын хэрэглэгчийн дэмжлэг зэргийг санал болгож байна.
Trump Mobile-ийн санал болгож буй “План 47” нь Дональд Трампын 45 дахь болон одоогийн 47 дахь Ерөнхийлөгчийн байр суурийг бэлгэдсэн хэмээн тайлбарлагдаж байгаа юм. Шинэ үйлчилгээ нь утсаар ярих, зурвас илгээх, дата ашиглах хязгааргүй хэрэглээтэйгээс гадна замын тусламж, телемедицины үйлчилгээний хандалт зэрэг нэмэлт давуу талтай.
“Бид хэрэглэгчдэд нэг сарын тогтмол төлбөрөөр телемедицинд холбогдох, зам дээр тусламж авах, 100 гаруй улсад мессеж илгээх боломжийг бүрдүүлж байна” хэмээн Дональд Трампын хүү Трамп Жуниор танилцуулах үеэр онцолжээ (Reuters).
Брэнд нь Трампынх ч үйлдвэрлэл нь гаднынх
Trump Mobile нэртэй ч уг үйлчилгээ болон төхөөрөмжийг Trump Organization шууд боловсруулаагүй, үйлдвэрлээгүй, харин лицензийн гэрээний дагуу гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Өмнөх төслүүдтэй адил энэ нь брэндийн эрх ашиглалтын загварт тулгуурласан.
T1 утас: дунд ангиллын Android төхөөрөмж
T1 гар утас нь Android 15 үйлдлийн системтэй, 6.8 инчийн AMOLED дэлгэцтэй бөгөөд 12 ГБ RAM, 256 ГБ багтаамжтай. Мөн microSD оролт, 3.5 мм-ийн чихэвчний оролттой — энэ нь сүүлийн үеийн ухаалаг утсанд ховор үзэгдэл юм.
Төхөөрөмж 50 мегапикселийн үндсэн камер, 2 мегапикселийн макро болон гүн мэдрэгчтэй. 16 мегапикселийн урд камер болон 5000 мАч багтаамжтай батерей, 20 Вт хурдан цэнэглэлтийн системтэй. Гэвч уг утсанд ямар процессор ашиглаж буйг компани ил болгоогүй байна.
Үнийн хувьд өрсөлдөөнтэй биш
Trump Mobile-ийн сарын төлбөр $47.45 байгаа нь өрсөлдөгч операторуудаас өндөр дүнтэй. Жишээлбэл, Verizon’s Visible үйлчилгээ $25, Mint Mobile нь жилийн гэрээтэй бол $30-д хязгааргүй дата санал болгодог. Trump Mobile өөрийгөө АНУ-ын үндэсний томоохон операторуудтай ижил сүлжээнд холбогддог хэмээн сурталчилж буй ч хэрэглэгчийн үйлчилгээний төвийн байршлыг ил тод зарлаагүй байна.
Цэргийн гэр бүлүүдэд зориулсан нэмэлт хандлага
Trump Mobile олон улсын зурвас илгээх, олон улсад хямд дуудлага хийх боломжуудаараа цэргийн албан хаагчдын гэр бүлд чиглэсэн гэдгээ онцолсон. 2024 онд Дональд Трампын лицензийн гэрээнээс олсон орлого 8 сая ам.доллараас давсан бөгөөд энэ шинэ төсөл нь уг жагсаалтыг улам тэлж, Trump брэндийг телеком салбарт бататгах зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна.