Ухаалаг утсаа шөнөжин цэнэглээд дэрэн доор тавих нь яагаад аюултай вэ?

нийтлэгч Содном Энхбаяр
Ухаалаг утсаа шөнөжин цэнэглээд дэрэн доор тавих нь яагаад аюултай вэ?

Олон хүн утас, таблет цэнэглэхдээ анзаарагдахгүй мэт боловч эрсдэлтэй зуршлууд давтдаг. Ийм үйлдлүүд нь батерейны насжилтыг богиносгохоос гадна төхөөрөмж хэт халж, гэмтэх, бүр аюул дагуулах нөхцөл үүсгэж болзошгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Шөнийн турш цэнэглэх нь батерейг “ядраадаг”

Ухаалаг утсаа бүтэн шөнө 100 хувь цэнэгтэй байлгах нь батерейд тогтмол ачаалал үүсгэж, аажмаар багтаамж буурахад нөлөөлдөг гэж тайлбарлаж байна. Орчин үеийн төхөөрөмжүүд хурдан цэнэглэлтийн ачаар 30 минут–2 цагийн хооронд бүрэн цэнэг авах боломжтой тул өдөрт хэдхэн цаг цэнэглэхэд хангалттай тохиолдол олон. Өөрөөр хэлбэл “шөнөжин залгаатай” байх шаардлагагүй мөртлөө эрсдэл нэмдэг зуршил хэвээр үлддэг.

Дэрэн доор тавихад дулаан гадагшлахгүй, хэт халалтын эрсдэл өснө

Зарим хүн унтахдаа утсаа дэрэн дээрээ эсвэл бүр доор нь тавьдаг. Гэвч цэнэглэж байх үед батерей тодорхой хэмжээгээр дулаан ялгаруулдаг бөгөөд энэ дулаан задран сарних ёстой. Харин төхөөрөмжийг даавуу, хөнжил, дэр зэрэг зүйлээр хучихад агаарын солилцоо багасч, дулаан хуримтлагдан хэт халалт үүсдэг. Ийм үед төхөөрөмж хайлах, гал авалцах зэрэг эрсдэлтэй нөхцөл гарч байсан тохиолдлуудыг мэргэжилтнүүд дурддаг.

Оригинал бус цэнэглэгч ашиглах нь мөн түгээмэл эрсдэл гэж үзэж байна. Хямд, хуурамч цэнэглэгч нь хүчдэл, гүйдлийн зөрүү үүсгэж батерейг хурдан муутгах, хэт халалт өдөөх боломжтой. Хамгийн муу хувилбарт төхөөрөмж гэмтэх, шатах эрсдэл хүртэл яригддаг.

Цэнэглэж байх үед утсаа “хүнд” ачааллаар ашиглах нь ч дулааны асуудлыг нэмэгдүүлдэг. Төхөөрөмж залгаатай үед тоглоом тоглох, өндөр нөөц шаардсан апп ажиллуулах, том файл татах зэрэг нь процессорын ачааллыг өсгөж, батерейны халалттай давхцан дулааны стрессийг нэмэгдүүлснээр батерейны элэгдэл түргэсэх эрсдэлтэй гэж тайлбарлажээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.