15
Улаанбаатар хот есдүгээр сарын 2-5-нд олон улсын “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилалт-2025”-ыг хүлээн авч зохион байгуулах гэж байна.
Сургалт, хуралдааны агуулга
- Бүс нутгийн 16 орны кибер аюулгүй байдлыг хангах байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцоно.
- Кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, түүний бодлого, хэрэгжилтийг сайжруулах арга замыг хэлэлцэнэ.
- Шинээр гарч буй халдлага, зөрчлийг илрүүлэх болон түүнд хариу арга хэмжээ авах туршлагаа солилцоно.
Сургуулилалтын ач холбогдол
Энэхүү арга хэмжээ нь:
- Кибер халдлагатай тэмцэх төвүүд болон бусад мэргэжлийн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах,
- Кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг дээшлүүлэх,
- Хамгаалалтын тогтолцоог сайжруулах,
- Бүс нутгийн орнуудын хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх зорилготой.
Монголын хууль, зохицуулалт
Манай улс 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хууль баталснаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Үүний дагуу 2023 онд Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдаж, хэрэгжилтийг зохицуулах, мэдээлэл солилцох, уялдуулан ажиллах үүрэг хүлээжээ. Зөвлөлийг Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугар ажиллаж байна.