2021 онд USB-C оролт бүхий анхны iPhone-г гарган олны анхаарлыг татсан Швейцарийн инженер Кен Пиллонел шинэ төсөл танилцууллаа. Тэрээр хуучин Lightning холбогчтой iPhone загваруудад USB Type-C холбогч нэмж өгөх боломжтой тусгай гэр бүтээжээ.
Энэ шинэчлэл нь хэрэглэгчдэд цэнэглэх, өгөгдөл дамжуулах, CarPlay-д холбогдох зэрэг үйлдлийг илүү хялбар, хурдан гүйцэтгэх боломжийг олгодог. Гэр нь iOS-ийн одоогийн хувилбарыг дэмждэг нийт 20 төрлийн iPhone загварт нийцдэг байна.
Пиллонел YouTube суваг дээрээ энэхүү төслийн ард байгаа инженерчлэл, бүтээцийн нарийн төвөгтэй байдлыг дэлгэрэнгүй тайлбарласан сонирхолтой бичлэг нийтэлжээ. Тэрээр:
“Миний зорилго бол хуучин төхөөрөмжүүдийг хуучирсан мэт санагдахгүй байлгах замаар хэрэглээг нь уртасгах явдал юм” хэмээн тайлбарлав.
Apple олон жилийн турш Lightning портоо ашигласан нь хэрэглэгчдийг олон төрлийн адаптер худалдан авахад хүргэдэг байв. Харин одоо USB-C нь дэлхийн нийтлэг стандарт болж буй энэ үед Пиллонелийн гаргасан шийдэл нь хуучин iPhone эзэмшигчдэд төхөөрөмжөө орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэх практик шийдэл болж байна.
Түүнчлэн тэрээр зөвхөн iPhone-оор хязгаарлалгүй, AirPods болон AirPods Max төхөөрөмжүүдэд ч мөн адил өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа гэдгээ дурджээ.