Япон улсын Квансэй Гакуин их сургуулийн судлаачид хүний хараанд эерэг нөлөө үзүүлж чадах шинэ төрлийн VR тоглоомыг амжилттай боловсруулжээ. Уг тоглоомыг Meta Quest 2 төхөөрөмжид зориулан Unity платформ дээр тусгайлан бүтээсэн бөгөөд эхний шатны судалгааны үр дүнгээс харахад тоглогчдын хараа сайжрах хандлага ажиглагдсан байна.
Судалгаанд оролцогчид зургаан долоо хоногийн турш тоглоомыг тоглосон бөгөөд тоглоом нь байг онох хэлбэртэй, нүдний хөдөлгөөн болон фокус солих чадварыг идэвхтэй ажиллуулдаг бүтэцтэй байжээ. Тоглогчийн үүрэг нь гурван зам дээр байрласан байнуудын дунд байгаа Landolt C хэлбэртэй тэмдэгтийн ан цавын чиглэлийг тогтоож, зөв чиглэл рүү контроллерын тусламжтайгаар онилох юм. Энэхүү тоглоомын явцад тоглогч байнга фокусоо өөрчилж, ойр ба хол зайтай объектуудад анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болдог тул нүдний фокус хариуцсан булчингууд дасгалжиж эхэлдэг байна.
Судалгаанд 22-36 насны арван залуу оролцсон бөгөөд тоглоом тоглосны дараа бүгд тодорхой хэмжээнд харааны сайжралтай болсон нь батлагджээ. Ялангуяа миопи буюу ойрын хараа муутай оролцогчдын хувьд тоглох давтамж нэмэгдэхийн хэрээр үр дүн илүү тодорхой ажиглагдсан байна. Тоглоомын дараа тоглогчдын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг аркад тоглоомын стилийн тайлангаар харуулдаг нь тэднийг урамшуулж, тоглоомд идэвхтэй оролцоход дэмжлэг болжээ.
Гэсэн ч судлаачид энэ тоглоомыг хараа эмчлэх албан ёсны хэрэгсэл гэж дүгнэхэд хараахан эрт хэмээн үзэж байна. Урьдчилсан дүн нь ирээдүйд ихээхэн ач холбогдолтой болохыг харуулж байгаа ч илүү олон хүний оролцоотой, өргөн цар хүрээтэй туршилт шаардлагатай гэжээ. Цаашид тус баг уг тоглоомыг урт хугацаанд тоглоход хэрхэн нөлөөлөхийг судлах, мөн үр дүнг гүнзгий шинжлэх зорилготой байгаа аж.