SEGA болон Relic Entertainment студиуд 2011 оны сонгодог бүтээл болох “Warhammer 40,000: Space Marine” тоглоомыг шинэчлэн, “Master Crafted Edition” нэртэйгээр дахин танилцууллаа. Энэхүү шинэ хувилбарыг Литвийн SneakyBox студи бүтээж байгаа бөгөөд ердийн графикийн сайжруулалтаас гадна уран бүтээлийн түвшний реставрац хэлбэртэйгээр боловсруулж байгааг төслийн продюсер Вайдас Микельскас онцолжээ.
Тоглоомын шинэ хувилбар нь 4K нягтралтай дүрслэл, илүү боловсронгуй интерфейс, тоглогчдод ээлтэй удирдлагын систем, шинэчлэгдсэн дүрүүд, сайжруулсан дуу дүрсний эффектүүдийг агуулсан. Оркуудын хувьд 100 гаруй шинэ дуу хоолой, илүү бодит мэдрэмжийг төрүүлэх шинэ 3D загварууд нэмэгдсэн байна.
Уг ремастер хувилбар 2025 оны 6-р сарын 10-нд PC, Xbox Series X|S дээр албан ёсоор нээлтээ хийнэ. Тоглоом гарсан даруйдаа Game Pass-д багтаж, тоглогчид нэмэлт зардалгүй шууд тоглох боломжтой болох юм. Харин PlayStation 5 хувилбарын талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд энэ нь оригинал тоглоомын эрхийг SEGA дангаар эзэмшдэгтэй холбоотой гэж үзэж байна.
Шинэ хувилбарт “Space Marine 2”-ын хөгжүүлэлттэй ямар ч холбоо байхгүй бөгөөд анхны бүтээлийг үндэс болгон бүтээгдсэн гэдгийг онцолсон. Мөн үүний зэрэгцээ Relic студи “Warhammer 40,000: Dawn of War” тоглоомыг ч мөн шинэчлэн гаргахаар бэлдэж байгаа бөгөөд энэ нь 4K дэмжлэг, модны систем, бүх өргөтгөлүүдтэй байх юм.