WhatsApp нь суваг болон статус хэсэгтээ зар сурталчилгаа харуулах туршилтыг 2025 оны зун эхлүүлсэн ч хэрэглэгчдийн зүгээс эерэг, сөрөг холимог хариу авсан. Харин одоо Meta мессенжер доторх зар сурталчилгааны контентыг бүрэн унтраах төлбөртэй захиалга нэвтрүүлэхээр бэлтгэж байж болзошгүй гэсэн дохио гарч ирлээ.
Android Authority сайтын сэтгүүлчид WhatsApp 2.26.3.9 хувилбарын Android аппын кодыг шалгахдаа зар сурталчилгаагүй ашиглалтын төлөвтэй холбоотой лавлагаа, текстүүдийг илрүүлсэн байна. Тэдний мэдээлснээр идэвхтэй “заргүй захиалгатай” хэрэглэгчдэд илгээхээр бэлтгэсэн үйлчилгээний мессеж хүртэл багтсан нь ийм боломжийг дотоод түвшинд туршиж байсныг илтгэжээ.
Тухайн мессежид хэрэглэгч өмнө нь статус болон сувгуудыг зар сурталчилгаагүй үзэх захиалга идэвхжүүлсэн байсан ч насны ангилал өөрчлөгдсөн тул одоо энэ сонголт нь шаардлагагүй болсон, захиалгыг Play Store-оор дамжуулан цуцлах шаардлагатай гэж дурдсан байв. Энэ нь заргүй захиалгыг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх техникийн бэлтгэлийг базааж байгаагийн нэг дохио байж болзошгүй.
Гэсэн хэдий ч Meta компани одоогоор WhatsApp-д зар сурталчилгаагүй төлбөртэй захиалга нэвтрүүлэх талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна. Боломжит үнэ, нөхцөл, бүс нутаг, хэрэгжих хугацааны талаар ч мэдээлэл хийгдээгүй бөгөөд уг функц дэлхий даяар хэрэглэгдэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.