Xiaomi компани олон жилийн турш хөгжүүлж ирсэн өөрсдийн анхны ухаалаг утасны процессор XRING 01-ийг албан ёсоор танилцууллаа. Уг чипийг тусгай зориулалтаар байгуулагдсан, 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүтээсэн бөгөөд энэ нь Xiaomi-ийн хувьд стратегийн том алхам болж байна.
Одоогоор XRING 01-ийн техникийн үзүүлэлтүүдийг албан ёсоор зарлаагүй ч, GizmoChina-ийн мэдээлснээр TSMC-ийн 4 нм технологоор үйлдвэрлэгдэх бөгөөд 1+3+4 цөмийн бүтэцтэй аж. Үүнд:
- 3.2 ГГц Cortex-X925 өндөр хүчин чадалтай цөм
- 2.6 ГГц 3 ширхэг Cortex-A725
- 2.0 ГГц 4 ширхэг Cortex-A520 цөмүүд багтах бөгөөд график хурдасгуур нь Imagination Technologies-ийн IMG DXT72, 1.3 ГГц хурдаар ажиллах гэнэ.
Тус GPU нь Snapdragon 8 Gen 2 дахь Adreno 740-ыг давж гарах чадвартай гэж мэдээлэгдэж байна. Гэвч XRING 01 нь Snapdragon 8 Elite болон Dimensity 9400-тэй шууд өрсөлдөхөөс бага зэрэг хоцрох магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Өнөөг хүртэл ухаалаг утасны зах зээлд өөрсдийн чиптэй томоохон тоглогчид бол Google, Samsung, Huawei байсан бөгөөд эдгээр нь Apple-ийн A-серийн процессортой харьцуулахад өргөн хүрээнд өндөр үнэлэгдээгүй. Гэвч Хятадын компаниуд барууны технологиос хамаарал багасгахыг эрмэлзэж, Xiaomi, Oppo, Vivo, OnePlus нар Google-гүй Android хөгжүүлж байгаа нь тус улсын технологийн салбарт том алхам боллоо.
Xiaomi-ийн анхны XRING 01 чип нь энэ оны тавдугаар сарын сүүлээр худалдаанд гарч, Xiaomi 15s загварт анх нэвтэрнэ гэж мэдээлж байна.