Apple компани iPad Pro-оор дамжуулан таблет зөвхөн кино үзэх, сошиал гүйлгэх зориулалттай гэсэн ойлголтыг эвдсэн. Харин одоо Xiaomi ч мөн адил хүчирхэг, бараг зөөврийн компьютерт дүйцэхүйц шинэ төхөөрөмжөө танилцуулахаар зэхэж байна. Xiaomi Pad 7S Pro 12.5 хэмээх уг таблетын үзүүлэлтүүдийг Weibo болон WekiHome зэрэг эх сурвалжууд албан ёсны танилцуулгаас өмнө дэлгэжээ.
Нарийн хийц, өндөр нарийвчлалтай дэлгэц
Xiaomi Pad 7S Pro 12.5 таблет нь ердөө 5.8 мм нимгэн металл биетэй, 576 грамм жинтэй. 12.5 инчийн IPS дэлгэц нь 3200×2136 нягтралтай, 3:2 харьцаатай, 144 Гц давтамжтай. Стандарт гэрэлтэлт нь 584 нит, дээд хэмжээ нь 827 нит бөгөөд стилус дэмжинэ гэсэн мэдээлэл бий.
Бараг зөөврийн компьютерийн түвшний үзүүлэлт
Энэ таблетын зүрхэнд Xiaomi-ийн Xring O1 чип, 16 ГБ RAM, 1 ТБ Samsung UFS 4.1 хурдан санах ой багтжээ. Түүнчлэн 10610 мАц батарейтай бөгөөд 120 Вт хурдан цэнэглэлтийг дэмждэг. Мөн 7.5 Вт урвуу цэнэглэлттэй тул утсаа ч цэнэглэж болно. Genshin Impact тоглоом дээр 7 цаг 18 минутын турш 60 FPS-ийг тогтвортой барьсан нь өндөр гүйцэтгэлийг харуулж байна.
Камерын хувьд ч гайхалтай
Арын камер нь 50 мегапиксел, 1/2.76 инч мэдрэгчтэй, f/1.8 апертуртай. Харин урд талын OV32D камер нь 32 мегапиксел, f/2.2 гэсэн үзүүлэлттэй. Видео уулзалт, селфи, стриминг зэрэгт хангалттай хүчтэй камерын системтэй.
Өнгө, нэмэлт дагалдах хэрэгсэл
Төхөөрөмж нь беж, цэнхэр, хар, ягаан гэсэн 4 өнгөний сонголттой гарна. Мөн стилус, шилэн тачпад бүхий гадаад гар нь Magic Keyboard-ийг санагдуулахуйц өндөр чанартай байхаар төлөвлөгдсөн байна.
Нээлт удахгүй болно
Одоогоор албан ёсны танилцуулгын огноо, үнэ тодорхойгүй ч, туршилт нь хэдийн хийгдсэн учраас хурдан хугацаанд зах зээлд гарах хүлээлттэй байна.