YouTube платформ шинэ функц туршиж эхэлжээ. Энэ нь контент бүтээгчдэд видео дээрээ хамтран ажиллагсдыг тэмдэглэх боломж олгож байгаа юм. Уг функц нь Instagram, TikTok дээрх “хамтарсан нийтлэл” (collab post) шиг ажиллах зарчимтай бөгөөд сувгуудыг хооронд нь танилцуулах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм хэмээн Engadget мэдээлэв.
Шинэ боломжийн онцлогууд:
Үндсэн бүтээгч нь видео дээр нэг буюу хэд хэдэн хамтран ажиллагсад нэмэх боломжтой.
Тэдгээрийн нэр нь видеоны гарчиг болон хуудас дээр үндсэн бүтээгчийн хажууд харагдана.
Хэрвээ хамтран оролцогч олон байвал, гар утасны хувилбарт “…болон бусад” гэж товчлогдон харагдах бөгөөд бүрэн жагсаалтыг нээж үзэх боломжтой.
Хамтран оролцохын тулд урилга илгээж, зөвшөөрөх зарчмаар ажиллана.
Одоогоор хамтрагчид статистикт хандах эсэх нь тодорхойгүй байна.
Google-ийн мэдээлснээр энэхүү боломжийг хязгаарлагдмал хэрэглэгчийн хүрээнд туршиж байгаа бөгөөд оролцогчдын санал хүсэлт дээр үндэслэн илүү өргөн цар хүрээнд нэвтрүүлэх эсэхийг шийдэх аж.