Цахим спортын идэвхтэй судлаач, нийтлэлч Ю.Ариунзаяат сүүлийн 10 жилийн амьдралаа энэ салбарт зориулжээ. Тэрээр цахим спортын талаарх олон нийтийн ойлголтыг өөрчлөх зорилгоор “Подвалиас эхэлсэн цахим спорт” номыг бичсэн бөгөөд өнөөдөр түүнийг “цахим спортын загалмайлсан эх” хэмээн нэрлэж байна.
Цахим спорт руу хөтөлсөн зам
2016 онд The MongolZ баг Азийн майнорт ялалт байгуулсны дараах залуусын сэтгэгдлүүд түүнийг гүн гүнзгий сонирхолтой болгосон байна. “Аав ээжүүд хүүхдүүдээ ойлгодоггүй, ойлгох ч хүсэлгүй байна” гэсэн уур амьсгал давамгайлж байсан нь түүний сониуч занг өдөөжээ. Ийнхүү тэрээр үе хоорондын гүүр болохоор шийдэж, судалгаа эхлүүлсэн байна. Анхны туршлага нь стрийм үзэх байсан бөгөөд тухайн үед тэрээр стрийм гэдэг үгийг ч мэддэггүй байжээ.
Хамгийн эхэнд үлдсэн нэр – The MongolZ
Түүний цахим спортын талаарх анхны мэдлэг, анхны сонирхол The MongolZ-оос эхтэй. 2017 оноос эхлэн стрийм үзэж, тав таваараа тоглож байгааг харж ойлгож эхэлсэн бөгөөд энэ бол түүнд цоо шинэ ертөнц нээгдэж байсны эхлэл байжээ.
Гэр бүл, найзуудын хандлага
Ариунзаяатын хувьд гэр бүлийн хүний дэмжлэг чухал байсныг онцолж байна. “Найзууд минь эхэндээ ‘Хүүхдүүдтэй нийлээд буудалцаж явах юм’ гэж хошигнодог байсан” хэмээн дурслаа. Харин дараа нь түүний тууштай хандлагыг ойлгож эхэлсэн байна.
Монголын цахим спортын хөгжил
Тэрээр Монголын цахим спортын хөгжил дэлхийтэй харьцуулахад хоцроогүй гэж үздэг. Учир нь энэхүү салбар интернэтээр дамжин хил хязгааргүй орчинд маш хурдтай хөгждөг бөгөөд манай залуус ч үүнээс хоцроогүй гэлээ. Цахим спорт бол тоглоом биш, мэргэжлийн түвшинд өрсөлдөж, зорилготой, дасгалжуулагчтай, дүрэмтэй, санхүүгийн урамшуулалтай байх спорт гэж тодорхойлов.
“Подвалиас эхэлсэн цахим спорт” ном
Түүний бичсэн ном бол сүүлийн есөн жилийн судалгаа, ажиглалтад суурилсан бүтээл. Тэрээр эцэг эхчүүд, насанд хүрэгчид цахим спорт болон видео тоглоомыг ялгаж ойлгох хэрэгтэйг онцолжээ. “Англи хэлгүй, тоглоом надад хамаагүй” гэх хандлагыг халж, ирээдүйд үр хүүхэд, ач зээ нарынхаа сонирхлыг ойлгохын тулд энэ ном тусална гэж итгэж байна.
Цахим спортод өдөрт зарцуулдаг цаг
Ариунзаяат өдөр бүр дор хаяж нэг цагийг цахим спортын мэдээлэлд зарцуулдаг. Тэрээр “esportsnews.mn” хэмээх цахим спортын Монгол хэл дээрх цорын ганц мэдээллийн сайтыг ажиллуулдаг бөгөөд энэ салбарын талаарх мэдээллийг тогтмол хүргэж байна. Өдгөө 59 настай ч Америкт ажиллаж, олсон орлогоо цахим спортын судалгаанд зориулж буйгаа дурдав.
Олон нийтийн хандлага өөрчлөгдөх цаг ирсэн
“Сая The MongolZ-ийн тоглолтыг талбай дээр бөөнөөрөө үзлээ шүү дээ. Цахим спортод хандах олон нийтийн сөрөг хандлага нь мэдэхгүй, ялгаж ойлгоогүйгээс үүдэлтэй” хэмээн тэр хэлэв. Орчин үед мэдлэг, боловсрол зөвхөн ном, багшаас бус олон нийтийн сүлжээнээс ирж байна. Тиймээс ахмад үеийнхэн мэдэхгүй зүйлээ хүүхдүүдээсээ асууж, хамт суралцах хандлага руу шилжих хэрэгтэйг онцоллоо.