WhatsApp хэрэглэгчид удаан хүлээсэн шинэ боломжийг тун удахгүй авах гэж байна — хэрэглэгчийн нэр ашиглах боломж. Энэ шинэчлэл нь хэрэглэгчдэд утасны дугаараа хуваалцахгүйгээр бусадтай харилцах нөхцөлийг бүрдүүлнэ.
Энэхүү боломжийг WABetaInfo мэдээлж, TestFlight-ийн сүүлийн үеийн туршилтын хувилбарт илрүүлжээ. Уг шинэчлэл одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явагдаж байгаа бөгөөд хэрэглэгчид Telegram, Signal зэрэг платформууд шиг өөрийн гэсэн өвөрмөц нэрийг үүсгэх боломжтой болох аж.
Шинэ функц хэрхэн ажиллах вэ?
Энэхүү систем нь хэрэглэгчийн утасны дугаарыг нууцлахад гол анхаарлаа хандуулсан байна. Иймд ирээдүйд энэ систем нэвтэрсэн тохиолдолд, таны дугаарыг мэдэхгүй хэрэглэгчид таны нэрээр дамжуулан тантай холбогдох боломжтой болох юм.
Хэрэглэгчийн нэр үүсгэх гол дүрэм журам:
- Хэрэглэгчийн нэр “www.” гэсэн эхлэлтэй байж болохгүй. Энэ нь хэрэглэгчдийг хуурч, албан ёсны вэбсайттай андуурах эрсдэлтэй.
- Нэр дор хаяж нэг үсэг агуулсан байх ёстой. Энэ нь зөвхөн тоо эсвэл тэмдэгт ашиглах боломжийг хязгаарлана.
- Зөвшөөрөгдөх тэмдэгтүүд:
- жижиг үсгүүд (a–z)
- тоо (0–9)
- цэг (.)
- доогуур зураас (_)
Эдгээр дүрмийг баримталснаар хэрэглэгчийн нэрсийн систем тодорхой, ойлгомжтой байх юм.
Нэр сонгогдсоны дараа
Зөвшөөрөгдсөн нэрийг сонгосны дараа WhatsApp баярын конфетийн анимацаар баталгаажуулна. Үүний дараа таны хэрэглэгчийн нэр таны дугаарын оронд чат болон бүлгийн ярианд харагдах болно.
Хэрэв та дараа нь хэрэглэгчийн нэрээ өөрчилвөл, WhatsApp энэ өөрчлөлтийг автоматаар мэдэгдэж, системийн мессеж илгээдэг болно. Энэ нь профайл зураг эсвэл утасны дугаар өөрчлөхтэй адил зарчимтай.
Вэб хувилбад ямар өөрчлөлт орох вэ?
Ирэх шинэчлэлд WhatsApp-ийн вэб хувилбар дээр таны хүсэж буй нэр бүртгэгдээгүй эсэхийг шалгах боломж нэмэгдэх юм.
Хэзээ нэвтрэх вэ?
Хэдийгээр энэ боломж одоогоор бүрэн нэвтрээгүй, бета туршилтад ч хараахан ороогүй байгаа ч, түүнийг дэмжих код болон интерфэйс хөгжүүлэлт эхэлсэн нь тун удахгүй гарах болсныг илтгэж байна. Энэ нь iPad-д зориулсан албан ёсны апп гарсны дараах WhatsApp-ийн цуврал шинэчлэлүүдийн нэг болох төлөвтэй байна.