Шинэ хямд үнэтэй MacBook загвар гэгдэж буй MacBook Neo зах зээлд өргөн хүрээнд гарахаасаа өмнө ч хүчтэй эрэлт үүсгээд байна. Салбарын эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү төхөөрөмжийн суурь хувилбарын захиалга хүлээлтээс давж, Apple үйлдвэрлэлээ яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
599 ам.долларын үнэтэй үндсэн хувилбарын эхний нөөц маш богино хугацаанд дууссан гэх мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Apple компани Foxconn, Quanta Computer зэрэг үйлдвэрлэлийн түншүүддээ нэмэлт яаралтай захиалга өгч эхэлжээ.
Үүний нөлөөгөөр хүргэлтийн хугацаа ч хойшилж, зарим худалдан авагч тавдугаар сар хүртэл хүлээх шаардлагатай болсон байна. Энэ нөхцөл байдалтай уялдан компанийн борлуулалтын төсөөлөл ч өсжээ. Анх долоон сая төхөөрөмж борлуулна гэж тооцож байсан бол одоо энэ тоо 10 саяд хүрч магадгүй гэж үзэж байгаа аж.
A18 Pro чип нийлүүлэлтийн гол хүндрэл болж байна
Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа шалтгааны нэг нь энэ зөөврийн компьютерт ашиглаж буй Apple A18 Pro процессортой холбоотой гэж мэдээлжээ. Чухам энэ чип төхөөрөмжийн үнийг илүү өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Гэхдээ нэг онцлог байгаа нь MacBook Neo-д энэ процессорын бага зэрэг өөрчилсөн хувилбарыг ашиглаж байгаа аж. Тодруулбал, график цөмийн хүчин чадал багассан хувилбаруудыг суурилуулж байгаа бөгөөд эдгээр нь флагман ангиллын iPhone-д ашиглагдаагүй, ангилж үлдсэн чипүүд байж болзошгүй гэж үзэж байна.
Ийм төрлийн нөөц хязгаартай учраас Apple цаашид эдгээр чипийн үйлдвэрлэлийг дахин сэргээх хувилбарыг ч авч үзэж магадгүй байна. Хэрэв ийм шийдвэр гарвал төхөөрөмжийн ашигт ажиллагаанд нөлөөлөх магадлалтай гэж эх сурвалжууд тайлбарлажээ.
Хямд үнэтэй ч үзүүлэлт нь анхаарал татаж байна
Үнэ нь боломжийн ангилалд багтаж байгаа ч MacBook Neo техникийн үзүүлэлтийн хувьд сул харагдахгүй байна. Төхөөрөмж нь 13 инчийн Liquid Retina дэлгэцтэй бөгөөд 2408×1506 нягтаршил, 500 нит хүртэл гэрэлтүүлэгтэй аж.
Мөн үүнээс гадна Touch ID хурууны хээ уншигч, орон зайн дуугаралт дэмждэг стерео чанга яригч, 1080p нягтаршилтай урд камер, тод өнгийн алюмин их бие зэрэг онцлогуудтай гэжээ.
Үнэ бууруулсны төлөө зарим боломжийг танасан байна
Гэхдээ хямд үнэд хүрэхийн тулд тодорхой хязгаарлалтууд орсон байна. Тухайлбал, энэ загвар ердөө хоёр USB-C оролттой бөгөөд тэдгээрийн боломж ижил биш аж. Мөн 8 ГБ санах ойтой, даралтын хүч мэдэрдэггүй илүү энгийн трекпадтай гэж мэдээлжээ.
Гэсэн ч ийм буултуудтай байсан ч MacBook Neo өөрийн ангилалд тун өрсөлдөхүйц харагдаж байна. 599 ам.долларын үнээр хэрэглэгч орчин үеийн дизайнтай, өдөр тутмын хэрэглээнд хангалттай үзүүлэлттэй бүрэн хэмжээний зөөврийн компьютер авч байгаа хэрэг юм.
Apple ийнхүү олон нийтийн хэрэглээнд чиглэсэн, илүү хүртээмжтэй MacBook-ийн зөв томьёог олсон байж магадгүй гэсэн үнэлгээ гарч эхэлжээ. Хэрэв эрэлт энэ хэвээр үргэлжилбэл компани зөвхөн үйлдвэрлэлээ нэмэхээс гадна гол бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлтийн асуудлыг давхар шийдэх шаардлагатай болох төлөвтэй байна.
2 сэтгэгдэл
Apple дандаа ийм байдаг, эрэлт нь их л байдаг шүү
Шинэ MacBook гарна гэхээр сонирхол татдаг юм