Хиймэл оюун ухааны (AI) технологи нэвтрүүлсний улмаас ажилтнуудаа цомхотгосон зарим компани өмнө нь халсан хүмүүсээ эргүүлэн ажилд авч эхэлжээ. Энэ талаар Associated Press (AP) агентлаг мэдээлсэн байна.
Дэлхийн олон компани ажлын байр цомхотгох шалтгаанаа AI-тай холбон тайлбарлах нь нэмэгдэж байгаа бөгөөд үүний улмаас технологи улам олон хүнийг орлогын эх үүсвэргүй болгож магадгүй гэх болгоомжлол нэмэгджээ.
Гэвч зарим ажил олгогч алгоритмууд нарийн төвөгтэй даалгавар болон чанарын хяналтыг шаардлагатай түвшинд гүйцэтгэж чадахгүй байгааг анзаарч, ажилтнуудаа дахин авахад хүрсэн байна.
“Зарим компани AI загвар, аппликейшн, агентууд нь хүлээж байсан хэмжээнд ажиллахгүй байгааг олж мэдсэний дараа цомхотгосон ажлын байраа нөхөхийн тулд өмнө нь халсан ажилтнуудаа буцаан авч байна. Ийм эргэлт хэр түгээмэл байгаа нь тодорхойгүй ч хангалттай олон тохиолдож байгаа учраас ‘AI бумеранг’ гэсэн нэр хүртэл бий болжээ” гэж нийтлэлд дурдсан байна.
Хүний нөөцийн Robert Half агентлагийн мэдээлснээр, санхүү, маркетинг, хууль, эрүүл мэндийн салбарын ажилтан сонгон шалгаруулалт хариуцсан менежерүүд 2026 онд компаниуд нь голчлон AI болон автоматжуулалтын улмаас зарим ажлын байрыг цомхотгосон ч дараа нь ижил эсвэл төстэй албан тушаалд хүмүүсийг дахин ажилд авсан гэж ярьжээ.
“Шүүмжлэлт сэтгэлгээ, хамтын ажиллагаа, бүтээлч байдал, байгууллагын хуримтлуулсан мэдлэг хэрэгтэй үед хиймэл оюун ухаан эдгээрийг зүгээр л бүрэн орлож чаддаггүй” гэж Robert Half компанийн бүсийн ахлах ерөнхийлөгч Билл Дрисколл хэлжээ.
Түүний үзэж буйгаар, ийм нөхцөлд компаниуд “эдгээр ажлыг гүйцэтгэхэд үнэхээр хүн хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгож эхэлдэг аж.
AP агентлаг мөн энэ зун Ford компани чанарын хяналтад ашиглаж байсан AI хэрэгслүүд нь хүлээсэн үр дүнд хүрээгүй тул 350 туршлагатай инженерийг шинээр ажилд авч эсвэл албан тушаал ахиулсан тухай сануулжээ.