АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай бизнесийн харилцаа тогтоосон, Хятадын тагнуулын сүлжээтэй холбоотой байж болзошгүй нэгэн эмэгтэйг шалгаж байсан талаар New York Times мэдээлжээ.
Тус хэвлэлийн мэдээлснээр Алис Хуан буюу Хуан Лэ нэртэй эмэгтэй нь Сингапурт төвтэй Megaspeed дата төвийн компанийн удирдах албан тушаалтан бөгөөд Женсен Хуантай төрөл садны холбоогүй аж.
Америкийн албаныхан түүнийг Nvidia-ийн чипүүдийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлэхэд оролцсон байж болзошгүй гэж сэжиглэн хяналтдаа авсан гэжээ.
Хятадын тагнуулын сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэжээ
New York Times нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлэхдээ АНУ-ын албаныхан Алис Хуаныг Хятадын тагнуулын сүлжээнд ажиллаж, Бээжин рүү арилжааны нууц мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй гэж үзсэн хэмээн бичсэн байна.
Мөн хяналт шалгалтын үеэр түүнийг Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай ойр бизнесийн харилцаа тогтоосныг илрүүлсэн гэж мэдээлжээ.
Nvidia-ийн өндөр хүчин чадалтай чипүүд нь хиймэл оюуны салбарын хөгжлийн гол технологийн нэг болсон. Үүний зэрэгцээ Женсен Хуан AI салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ч ойр харилцаатай болсон талаар эх сурвалж дурдсан байна.
New York Times-ийн мэдээлснээр Цагаан ордны зарим албаныхан Алис Хуан болон Nvidia-ийн тэргүүний харилцаанд анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлийн талаар санаа зовниж байгаа аж.
АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хиймэл оюунд ашиглагддаг дэвшилтэт чипүүдийн Хятад руу хийх экспортыг хязгаарласан. Харин Алис Хуан эдгээр хязгаарлалтыг тойрч гарахад Хятадын талд тусалсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа тухай мэдээлэл гарчээ.
Гэхдээ дээрх нь New York Times-ийн эх сурвалжуудад тулгуурласан мэдээлэл бөгөөд Алис Хуаныг Хятадын тагнуул байсан нь шүүхээр тогтоогдсон баримт биш юм.
Nvidia: Онцгой, сэжигтэй харилцаа байгаагүй
Nvidia компани уг мэдээлэлд хариу өгч, Женсен Хуан болон Алис Хуан нарын харилцаанд ямар нэгэн онцгой, сэжигтэй зүйл байгаагүй гэж мэдэгджээ.
Компанийн хэвлэлийн төлөөлөгч:
“Үйлчлүүлэгчидтэйгээ уулзах нь гүйцэтгэх захирлын ажлын нэг хэсэг юм. Женсен жил бүр олон мянган үйлчлүүлэгч компанийн удирдлагуудтай уулздаг”
гэж мэдэгдсэн байна.
Мөн Nvidia-ийн зүгээс Megaspeed болон бусад үйлчлүүлэгчидтэй зөвхөн ердийн бизнесийн мэдээлэл солилцдог бөгөөд компанийн нууц мэдээлэл, тэр дундаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг хуваалцдаггүй гэж тайлбарлажээ.
Ийнхүү АНУ-ын тагнуулын байгууллагуудын анхааралд орсон гэх Алис Хуан болон Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны бизнесийн харилцаа хэвлэлүүдийн анхаарлын төвд орсон ч Nvidia компанийн зүгээс ямар нэгэн зохисгүй холбоо байсныг эрс няцааж байна.