Microsoft компани зардлаа бууруулах, хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүрээнд 60 мянга орчим ажилтандаа нөхөн төлбөр авч, сайн дураараа ажлаасаа гарах санал тавьсан талаар мэдээлжээ.
Энэхүү хөтөлбөр компанийн нийт ажиллах хүчний ойролцоогоор дөрөвний нэгийг хамрах бөгөөд албадан цомхотгол хийхээс өмнө сайн дурын үндсэн дээр хүний нөөцөө бууруулах зорилготой байна.
Хөтөлбөрт АНУ, Канад, Энэтхэг болон Их Британи дахь салбаруудын ажилтнууд хамрагдах аж. Харин борлуулалт, инженерчлэл болон компанийн үндсэн үйл ажиллагааг хариуцдаг зарим нэгжийг уг хөтөлбөрөөс хасахаар төлөвлөжээ.
AI-д их хэмжээний хөрөнгө оруулж байна
Microsoft сүүлийн үед хиймэл оюун ухааны дата төв, тооцооллын хүчин чадал болон холбогдох дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн үйл ажиллагааны зардлаа танах алхмууд хийж эхэлсэн байна.
Компанийн хүний нөөцийн захирал Эми Коулманы ажилтнуудад илгээсэн албан бичигт сайн дураар ажлаас гарах энэхүү хөтөлбөр нь ажилтнуудад цаашдын мэргэжлийн замналаа өөрсдөө тодорхойлох илүү өргөн боломж өгөх зорилготой гэж тайлбарлажээ.
Нөхөн төлбөрийн нөхцөл нь Microsoft-ийн өмнөх ижил төрлийн хөтөлбөрүүдтэй төстэй байх аж.
Өмнө нь сайн дураар ажлаас гарсан ажилтнуудын зарим нь ажилласан жил, албан тушаалаасаа хамааран 39 долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авч байжээ.
Шийдвэрээ арванхоёрдугаар сараас өмнө гаргана
Хөтөлбөрт хамрагдах ажилтнууд ажлаасаа сайн дураар гарах эсэх шийдвэрээ арванхоёрдугаар сараас өмнө гаргах шаардлагатай байна.
Сайн дураар гарах хүсэлтүүдийг нэгтгэсний дараа хүний нөөцийн бодит бууралтыг оны эцсээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Microsoft өмнө нь мөн сайн дураар тэтгэвэрт гарах хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн үед 9000 орчим ажилтан хамрагдсан байна.
Зургаадугаар сарын эцсийн байдлаар Microsoft компанид ойролцоогоор 223 мянган хүн ажиллаж байжээ. Тиймээс энэ удаагийн 60 мянган ажилтныг хамарсан санал хэрэгжвэл компанийн хүний нөөцөд томоохон өөрчлөлт авчрах боломжтой байна.