Туйлын мөсөн бүрхүүл хайлж байгаа нь зөвхөн далайн түвшнийг нэмэгдүүлээд зогсохгүй Дэлхийн хатуу гадаргын хэлбэрт хүртэл нөлөөлж байгааг шинэ судалгаа харуулжээ.
Грекийн Салоники хотын Аристотелийн их сургуулийн эрдэмтэд дэлхийн навигацийн хиймэл дагуулын системүүдийн буюу GNSS-ийн хэмжилтийг шинжилж, мөсөн бүрхүүлийн өөрчлөлтийн улмаас Дэлхийн хатуу хэсэг аажмаар илүү бөөрөнхий хэлбэртэй болж байгааг тогтоосон байна.
Туйлын бүс дээшилж, экваторын төвийлт багасчээ
Дэлхий төгс бөмбөрцөг биш. Эргэлтийнхээ нөлөөгөөр туйлын хэсгээрээ бага зэрэг хавтгай, харин экватор орчимдоо төвийсөн хэлбэртэй байдаг.
Гэвч судалгаагаар туйл орчмын газрын гадарга аажмаар дээшилж, харин хатуу гадаргын экваторын төвийлт бага багаар буурч байгаа нь тогтоогджээ.
1997-2000 оны хооронд энэ өөрчлөлтийн хурд жилд ойролцоогоор 0.5 миллиметр байсан бол 2011-2015 онд жилд 1 миллиметрт хүрсэн байна.
Судалгааны багийн тооцоогоор Дэлхийн хатуу хэсэг бөөрөнхийжих хурд арван жил тутамд жилд ойролцоогоор 0.4 миллиметрээр нэмэгдэж байгаа аж.
Гол шалтгаан нь мөсөн бүрхүүлийн хайлалт
Эрдэмтэд энэ өөрчлөлтийг дэлхийн дулаарлаас үүдэлтэй туйлын мөсний хайлалттай холбон тайлбарлажээ.
Мөсөн бүрхүүл багасах үед газрын царцдас дээр ирэх асар их жингийн даралт буурна. Үүний дараа газрын гадарга маш удаан хугацаанд эргэн дээшлэх хандлагатай болдог.
Судлаачид энэ үйл явцыг дарагдсан зуурмаг аажмаар анхны хэлбэртээ эргэн орж байгаатай зүйрлэсэн байна.
Гэхдээ зөвхөн эх газрыг бус, далай тэнгисийг хамтатган тооцвол Дэлхийн нийт хэлбэрт эсрэг чиглэлийн өөрчлөлт ажиглагддаг.
Өөрөөр хэлбэл нийт гараг жилд ойролцоогоор 0.8 миллиметрийн хэмжээгээр илүү хавтгай хэлбэр рүү шилжиж байна.
Үүний шалтгаан нь хайлсан мөсний ус дэлхийн далайд тархан, экватор орчимд массын хэмжээ нэмэгдүүлж байгаатай холбоотой. Энэ нөлөө нь хатуу гадаргын бөөрөнхийжилтөөс илүү хүчтэй байгаа аж.
Дэлхийн эргэлт ч бага зэрэг удааширч байна
Масс туйлын бүсээс далай, экватор руу шилжих үед Дэлхийн эргэлтийн системд ч нөлөөлж, гарагийн эргэлт үл ялиг удаашрах нөхцөл бүрддэг.
GNSS хиймэл дагуулын системүүд ийм маш жижиг хэмжээний газрын хөдөлгөөн, деформацийг хэмжих боломж олгодог.
Гэсэн ч туйлын бүс болон далайн орчимд хэмжилтийн станц харьцангуй цөөн байдаг нь судалгааны нарийвчлалыг хязгаарлаж байна.
Эдгээр хэмжилтийг Дэлхийн таталцлын орны өөрчлөлтийн мэдээлэлтэй нэгтгэснээр Гренланд, Антарктидын мөсний алдагдлыг илүү нарийн тооцох боломжтой гэж судлаачид үзжээ.
Ингэснээр дэлхийн дулаарал нь зөвхөн цаг уур, далайн түвшинд бус, манай гарагийн геометрийн хэлбэрт хүртэл хэмжигдэхүйц өөрчлөлт авчирч байгааг судалгаа харуулж байна.