BC.Game Donk-д $5 сая санал болгосон ч Team Spirit-ийн одыг авч чадсангүй

BC.Game Donk-д $5 сая санал болгосон ч Team Spirit-ийн одыг авч чадсангүй

Counter-Strike-ийн хамгийн тод залуу оддын нэг Данил “donk” Крышковецийг өөрийн багтаа элсүүлэхийн тулд BC.Game Esports томоохон санал тавьсан ч хэлэлцээ амжилтад хүрээгүй талаар мэдээлжээ.

19 настай Оросын тоглогч donk 2024 оны дэлхийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байсан бөгөөд 2023 оноос Team Spirit-ийн бүрэлдэхүүнд тоглож байна. Тэр Counter-Strike-ийг дөрвөн настайгаасаа тоглож эхэлсэн гэх бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг багуудын анхаарлыг татсан тоглогчдын нэг болсон юм.

Сард $200 мянгын цалин өгөхөд бэлэн байжээ

BC.Game Esports-ийн тэргүүн Али “akofocus” Моханнед donk-ийг багтаа авах хүсэлтэй байснаа өмнө нь илэрхийлж байсан.

Тэр:

“Donk манай багт ирсэн бол би түүнд сард 200 мянган ам.долларын цалин өгөхөд бэлэн байсан. Тэр энэ төрлийн хамгийн өндөр цалинтай тамирчин болох байлаа”

хэмээн хэлж байжээ.

Мэдээллээр BC.Game 2026 оны эхээр donk-ийг авахын тулд 5 сая ам.долларын санал тавьсан ч хүссэн хариугаа авч чадаагүй байна.

Ингэснээр Team Spirit-ийн гол тоглогчдын нэг хэвээр байгаа donk-ийг авах оролдлого үр дүнд хүрээгүй аж.

Donk хамгийн өндөр цалинтай тоглогч болох боломжтой байв

Албан бус мэдээллээр Counter-Strike-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын тоонд Александр “s1mple” Костылев болон Матьё “ZywOo” Эрбо багтдаг.

Тухайлбал s1mple сард ойролцоогоор 130 мянган ам.доллар, ZywOo 100 мянган ам.долларын цалин авдаг гэх мэдээлэл бий.

Хэрэв BC.Game-ийн санал бодит хэлцэл болсон бол donk сарын 200 мянган ам.долларын орлоготой болж, Counter-Strike-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг бус, бүр тэргүүлэх тоглогч болох боломжтой байжээ.

Гэсэн ч одоогийн байдлаар donk Team Spirit-ийн бүрэлдэхүүнд хэвээр байгаа бөгөөд түүнийг тойрсон шилжилтийн сонирхол буураагүй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.