Дэлхий эндээс эхэлнэ: The MongolZ баг нийгмийн шинэ видеогоо толилууллаа

74 views
MongolZ

Барилгын дээвэр дээрх нисдэг тэрэгний буудлаас Улаанбаатар хот бүхэлдээ харагдана. Гэр хороолол өндөр шилэн барилгуудтай сүлэлдэж, хотын захаас уудам тал үргэлжилнэ. Чухам энэ өндөрлөгөөс The MongolZ баг шинэ аяныхаа дүрс бичлэгээр дамжуулан эх орноо дэлхийн тавцанд сурталчилж байна.

Монголын телевизийн суваг, кино театрууд болон хотын томоохон дэлгэцүүдээр цацагдаж буй тус видео нь ямар ч тэмцээний тавцанд тоглож, аль ч улсад өглөөг угтсан бай, таны үндэс угсаа, гарвал тантай хамт үлддэг гэдгийг санагдуулна.

The MongolZ  багийнхан тэмцээнээс тэмцээний хооронд нисэх онгоцны буудал, зочид буудлуудаар дамжин дэлхийн өнцөг булан бүрд зорчдог ч олон улсын тавцанд гарах бүрдээ Монгол орныг хараахан мэдэхгүй хүмүүст эх орноо таниулах шинэ боломжийг бүрдүүлдэг.

MongolZ

Тэдний шинэ санаачилгын талаар The MongolZ багийнхан дараах зүйлсийг онцолж байна:

  1. Үндэс угсаагаа санах нь та бүхний хувьд хувь хүний үүднээс юуг илэрхийлэх вэ? Энэ бол маш энгийн зүйлсээс эхэлдэг. Зочин ирэхэд гэртээ ширээ засах заншил, эргэн тойронд англиар ярьж байхад бэлтгэлийн бааз дээрээ хоорондоо монголоор ярилцах агшин гээд л. Өөр тивд явж байхдаа монгол хэл сонсвол бид шууд л эргэж хардаг. Үндэс угсаагаа санана гэдэг нь заавал тусгайлан бодох зүйл биш харин тоглолт бүрд бидэнтэй хамт байдаг тийм нэг мэдрэмж юм.
  2. The MongolZ-ийн амжилт та бүхнийг дэлхий дахинд Монгол орны нүүр царай, дуу хоолой болгосон гэж боддог уу? Бид асар том хариуцлагыг мэдэрдэг. Элэг нэгт ахан дүүс, олон улсын хамтрагчид, найз нөхөд маань биднийг тогтмол дэмждэг. Үүнийг дагаад бүх дэлхий биднийг харж байгаа гэдгийг ухамсарладаг. Бид эх орныхоо дуу хоолой болно гэж тусгайлан төлөвлөөгүй ч нэгэнт оногдсон энэ хариуцлагыг нэр төртэйгөөр үүрч, эх орноо бахархалтайгаар төлөөлөхийг хичээдэг. 
  3. Өнөөдөр The MongolZ багаар дамжуулан дэлхий ертөнц Монголыг хэрхэн харж байна вэ? Орчин үеийн, эрч хүч дүүрэн улс гэж харж байна. Олон хүмүүс Монголыг зөвхөн адуун сүрэг, уудам тал, гэр хорооллоор төсөөлдөг хэвээр. Энэ бол бидний нэг хэсэг бөгөөд бид үүгээрээ бахархдаг. Гэвч бидэнд хөл хөдөлгөөн дүүрэн хотууд, дэлхийн өндөр түвшинд өрсөлддөг залуус байна. Бид орчин үеийн Монголын энэхүү хоёр талыг хоёуланг нь дэлхийд харуулахыг зорин ажиллаж байна.
  4. Яагаад яг одоо өөрсдийн үндэс суурь, эх орноо эргэн дурсах нь чухал байв? Бид бараг цаг үргэлж замд явдаг. Тэмцээн, нислэгүүд, дахин тэмцээн гэх мэт. Бид түр хэмнэлээ сааруулан эх орондоо ирж, өссөн орчноо дэлхийд харуулахыг хүссэн юм. Энэ бол хаанаас эхэлснээ өөрсдөдөө болон хөгжөөн дэмжигчдэдээ санагдуулах сайхан боломж байлаа.
  5. Сүүлийн үед та бүхний хувьд “гэр” гэдэг ойлголт өөрчлөгдсөн үү? Тийм ээ. Урьд нь “гэр” гэдэг нь тодорхой нэг байршил буюу бидний гэр, гудамж, хот байсан. Одоо жилийн турш аялж байгаа болохоор манай баг хамтдаа байгаа газар бүхэн бидний гэр болжээ. Гэсэн хэдий ч урт аяллын дараа эх орондоо эргэн ирэхийн үнэ цэнийг илүү ихээр мэдэрдэг.
  6. The MongolZ багийг урагш тэмүүлүүлдэг монгол хүний онцлог чанар байдаг уу? Тэвчээр ба хатуужил. Бид цаг агаарын хатуу уур амьсгал, уудам орон зайд дассан тул (инээв) хүнд хэцүү үед шантралгүй, тэвчээртэй хүлээж чаддаг.
  7. The MongolZ баг Монголын шинэ үеийнхэнд юуг илэрхийлж байна гэж бодож байна вэ? Бид хэн ч бай өөрийн гэсэн онцлогоо алдалгүйгээр дэлхийн тавцанд гарч чадна гэдгийн баталгаа болохыг хүсдэг. Залуус биднээс урам зориг авч, мөрөөдөлдөө итгэж эхэлбэл бидний хийж буй зүйл зорилгодоо хүрч байна гэсэн үг.
  8. Энэхүү аян “ДЭЛХИЙ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ” гэсэн нэртэй. Та бүхний хувьд дэлхий ертөнц хаанаас эхэлдэг вэ? Монголоос. Анхны тоглолтоо энд хийж, анхны хөгжөөн дэмжигчид маань биднийг энд л дэмжсэн бөгөөд анхны тэмцээндээ ч эндээс мордсон. Дараагийн бүх амжилт эндээс л эхтэй. Тэгэхээр бидний хувьд дэлхий яг эндээс, эх орноос минь эхэлдэг.
MongolZ

Холбоотой нийтлэлүүд

5 сэтгэгдэл

Сүхбаатар 10 сар 13, 2026 - 11:47 pm

Тэдний тэвчээр, хатуужлын тухай хэлсэн үгс нь сэтгэлд үнэхээр хүрлээ. Тоглолтоос нь ч гэсэн энэ чанар нь харагддаг. Цахим спортын тамирчид эх орныхоо жинхэнэ элч төлөөлөгчид болж байгааг харах үнэхээр бахархууштай байна.

Дэлгэрэнгүй унших Reply
Сүхбат 10 сар 13, 2026 - 11:58 pm

Байнгын аян замд явдаг хүмүүсийн хувьд “гэр” гэдэг ойлголт хэрхэн өөрчлөгддөг тухай хариулт нь хамгийн их сэтгэлд үлдлээ.

Дэлгэрэнгүй унших Reply
Номин 10 сар 15, 2026 - 6:49 pm

MongolZ бол зүгээр нэг Counter-Strike тоглоод зогсохгүй, Монгол даяарх залуу үедээ асар том үлгэр дуурайл үзүүлж байна. Тэднийг цаашид илүү олон тэмцээнд түрүүлэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна!

Дэлгэрэнгүй унших Reply
Мөнхцэцэг 10 сар 15, 2026 - 7:03 pm

Манайхныг хүмүүс ихэвчлэн нүүдэлчин ахуй, уудам тал нутгаар маань л төсөөлдөг. Гэтэл өнөөдөр манай шинэ үеийн залуус дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байгааг харахад үнэхээр бахархалтай байна. Их л чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ. Багийн залуусыг улам бүр хүндэтгэх сэтгэгдэл төрлөө.

Дэлгэрэнгүй унших Reply
Мөнхбат 10 сар 15, 2026 - 7:12 pm

Дэлхийн нөгөө өнцөгт байхдаа ч эх хэл, өв уламжлалаа санан дурсдаг нь үнэхээр гайхалтай. Энэ бол зүгээр нэг цахим спортын тухай ярилцлага биш, харин хүмүүсийн тухай, өөрсдийн хэн болохыг илэрхийлдэг үнэт зүйлсийнх нь талаар өрнүүлсэн гүн гүнзгий яриа юм.

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.