BC.Game багийн мэргэн бууч, Counter-Strike-ийн домогт тоглогчдын нэг Александр “s1mple” Костылев багийнхаа YouTube сувгийн нэвтрүүлэгт оролцож, үзэгчдийн асуултад хариулах үеэр Монголын Азбаяр “Senzu” Мөнхболдыг онцолжээ.
Түүнээс “Counter-Strike төрөлд 5-10 жилийн дараа хамгийн агуу тоглогч болох боломжтой хэн байна вэ?” гэж асуухад s1mple Senzu-ийн нэрийг дурдсан байна.
Тэрбээр:
“Азбаяр “Senzu” Мөнхболдыг онцолмоор байна. Түүнд хамгийн хүчирхэг тоглогч болох нөөц боломж бүрэн бий. Үүний тулд сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв Senzu алдаагаа байнга засаж, залруулан ажиллаад байх юм бол агуу тоглогч болж чадна” гэжээ.
BC.Game-д хоёр монгол тоглогч бий
Одоогоор BC.Game багийн бүрэлдэхүүнд Монголын Аюуш “mzinho” Батболд болон Азбаяр “Senzu” Мөнхболд нар тоглож байна.
S1mple-тэй нэг багт тоглож буй хоёр монгол тамирчны талаар фэнүүд сонирхож, түүнээс монгол хэл сурах гэж байгаа эсэхийг ч асуужээ.
Харин s1mple:
“Үгүй, би монгол хэл сурахад бэлэн биш байна. Тэр хоёрын ярьж байгаа зүйлээс юу ч ойлгодоггүй. Хэлсэн үгийг нь дагаж хэлэх гээд чадахгүй байхад яаж монгол хэл сурах билээ” гэж хариулсан байна.
Ийнхүү дэлхийн Counter-Strike-ийн хамгийн алдартай тоглогчдын нэг s1mple Senzu-ийн ур чадвар, ирээдүйн боломжийг өндөр үнэлж, зөв хөгжиж чадвал дэлхийн шилдгүүдийн нэг болох потенциалтай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.