Google компани Gemini 4 Carbon нэртэй шинэ хиймэл оюуны загвараа танилцуулж, өөрсдийн хөгжүүлсэн хамгийн хүчирхэг frontier model хэмээн тодорхойлжээ.
Шинэ загвар нь код бичих, олон алхамт автомат даалгавар гүйцэтгэх, кибер аюулгүй байдлын асуудал шийдэх болон урт хугацаанд үргэлжлэх agent төрлийн ажлуудад өмнөх хувилбаруудаасаа мэдэгдэхүйц сайжирсан гэж Google мэдээлсэн байна.
Gemini 4 Carbon нь Gemini 4 Argon загварыг танилцуулснаас ердөө хоёр долоо хоногийн дараа гарч байгаа нь анхаарал татаж байна. Google энэ хурдыг судлаачид болон хиймэл оюуны системүүд хамтран ажиллаж, шинэ боломжуудыг илүү богино хугацаанд хөгжүүлж байгаатай холбон тайлбарлажээ.
AI үнэлгээний жагсаалтыг тэргүүлсэн гэж Google мэдэгдэв
Компанийн мэдээлснээр Gemini 4 Carbon нь Artificial Analysis Intelligence Index-ийн шинэчилсэн 5.0 хувилбарт 59 оноо авч, нэгдүгээр байрт орсон байна.
Google өмнөх хэрэглэгчдийн санал хүсэлтийг ашиглан загварыг full-stack веб хөгжүүлэлт, шинжлэх ухааны даалгавар болон мультимодал ойлголтын чиглэлээр сайжруулсан гэжээ.
Мөн WebDev Arena жагсаалтад 89 оноогоор ахиж, дөрөвдүгээр байрт орсон хэмээн мэдэгдсэн байна.
Gemini 4 Carbon-ийн нэг гол онцлог нь олон үе шаттай, удаан үргэлжлэх даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвар аж. Өөрөөр хэлбэл загвар зөвхөн нэг асуултад хариулахаас гадна хэд хэдэн шат дараалсан ажиллагааг төлөвлөж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд зориулагдсан байна.
Кибер аюулгүй байдлын үзүүлэлтүүдээ онцлов
Google Gemini 4 Carbon кибер аюулгүй байдлын зарим benchmark дээр өндөр үзүүлэлт гаргасан гэж мэдээлжээ.
Тухайлбал:
- SEC-bench Pro дээр эмзэг байдал илрүүлэх даалгаварт 88.2 хувь,
- ExploitGym дээр exploit хийх даалгаварт 54.8 хувь,
- CWE-bench дээр кодын эмзэг байдлыг засахад 71 хувийн үзүүлэлттэй гарсан байна.
Компанийн тайлбарласнаар Carbon нь аюулгүй код үүсгэх чадвараар өмнөх загвараас сайжирч, бодит код бичих орчинд буруу чиглэлд ажиллах болон зохиомол мэдээлэл үүсгэх давтамж багассан аж.
Google:
“Дотоод benchmark-уудаар Carbon аюулгүй код үүсгэх чадварт мэдэгдэхүйц ахиц үзүүлсэн. Манай багуудын бодит coding орчинд туршихад misalignment болон fabrication-ийн түвшин буурсан”
хэмээн мэдэгджээ.
Баталгаагүй мэдээлэл зохиох нь багассан гэжээ
AI загваруудын хамгийн том асуудлын нэг болох баталгаагүй мэдээлэл зохиох үзэгдлийг Gemini 4 Carbon дээр багасгасан гэж Google онцолж байна.
Компанийн дотоод туршилтаар Carbon нь Argon-той харьцуулахад баталгаагүй дүгнэлт гаргах тохиолдлыг ойролцоогоор хоёр дахин бууруулжээ.
Мөн нотолгоо дутуу үед мэдээлэл зохиохын оронд арга зүйн хязгаарлалт, тодорхойгүй байдлыг шууд тэмдэглэдэг болсон гэж Google тайлбарлав.
Түүнчлэн тодорхойгүй нөхцөлд холбогдох эх сурвалжуудыг олж, хоорондын зөрүүг хэрэглэгчид харуулах чадвар нэмэгдсэн байна.
Google-ийн мэдээллээр олон алхамт даалгаврын үед шаардлагагүйгээр ажлын хүрээг хэт тэлэх үзүүлэлт 26 хувиар, харин хэрэглэгчийн хүсэлтийг дутуу биелүүлэх тохиолдол 29 хувиар буурчээ.
Эхлээд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ашиглана
Gemini 4 Carbon-ийг хамгийн түрүүнд энэ долоо хоногоос кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр ажилладаг хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр болжээ.
Үүний дараа хөгжүүлэгчид, компаниуд болон энгийн хэрэглэгчдэд үе шаттайгаар хүргэх төлөвлөгөөтэй байна.
Google эхний үед үнийн тусгай нөхцөл санал болгож, нэг сая input token тутамд 2 ам.доллар, нэг сая output token тутамд 10 ам.долларын үнээр ашиглуулах аж. Cached input token-д 95 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
Харин дараа нь стандарт үнэ нэг сая input token тутамд 4 ам.доллар, output token тутамд 20 ам.доллар болж өсөхөөр төлөвлөжээ.
Ийнхүү Google Gemini 4 Carbon-оор coding, agent ажиллагаа, кибер аюулгүй байдал, мультимодал ойлголтын чиглэлд шинэ шат ахисан гэж мэдэгдэж байна. Гэхдээ дээрх үзүүлэлтүүдийн ихэнх нь компанийн өөрийн benchmark болон тайлбар дээр тулгуурлаж байгаа юм.