Google Gemini 4 Argon-оо танилцууллаа: 1 сая токен, хүчирхэг код бичих чадвар санал болгоно

Google Gemini 4 Argon-оо танилцууллаа: 1 сая токен, хүчирхэг код бичих чадвар санал болгоно

Google компани нарийн төвөгтэй мэдээлэл боловсруулах, олон алхамт төлөвлөгөө гаргах болон программчлалын даалгаварт зориулсан шинэ хиймэл оюуны загвар Gemini 4 Argon-оо танилцуулжээ. Компанийн мэдээлснээр шинэ модель хэд хэдэн туршилтад өрсөлдөгчдөөс өндөр үзүүлэлт үзүүлсэн ч эхний ээлжид зөвхөн төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчдэд нээлттэй байх юм.

Gemini 4 Argon-ыг программчлал, шинжлэх ухааны судалгаа, санхүүгийн шинжилгээ болон кибер аюулгүй байдлын нарийн ажлуудад түлхүү ашиглахаар хөгжүүлжээ.

Google-ийн дотоод төслүүдэд уг загварыг ашигласнаар AI-ийн тусламжтай боловсруулж, хүлээн зөвшөөрөгдсөн кодын өөрчлөлтийн тоо 35 хувиас дээш өссөн гэж компани мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ AI-аар хийсэн өөрчлөлтүүдийг буцаах шаардлага бараг гуравны нэгээр багассан гэжээ.

Нэг сая токены контекст дэмжинэ

Gemini 4 Argon нь оролт, гаралтын мэдээллийг нийлүүлээд нэг сая хүртэл токены контексттэй ажиллах боломжтой.

Google AI Pro болон Ultra багцын хэрэглэгчид шинэ загварыг Gemini апп болон Google Search-ийн AI Mode-оор ашиглах боломжтой болох аж. Харин хөгжүүлэгчдэд Gemini API-ийн төлбөртэй хувилбар болон Google AI Studio-оор дамжуулан хандах эрх нээжээ.

Үйлчилгээний эхний үнээр нэг сая оролтын токен боловсруулахад 2 ам.доллар, нэг сая гаралтын токенд 10 ам.доллар төлөхөөр тогтоосон байна.

Гэхдээ 2026 оны арванхоёрдугаар сарын 1-нээс үнийг нэмэгдүүлж, нэг сая оролтын токеныг 4 ам.доллар, гаралтын токеныг 20 ам.доллар болгохоор төлөвлөжээ.

Prompt injection халдлагын эсрэг хамгаалалтыг сайжруулжээ

Google шинэ загварын аюулгүй байдлын хамгаалалтыг мөн онцолж байна. Компанийн танилцуулсан туршилтын үр дүнгээр indirect prompt injection буюу гаднын агуулгад нуусан заавраар AI-г хуурах оролдлогын амжилтын түвшин 0.7 хувь байсан гэж мэдээлжээ.

Мөн Google сонгон шалгаруулсан 10 мянган судлаачид Google Antigravity-ийн хамгийн өндөр түвшний үйлчилгээг зургаан сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах төлөвлөгөөтэй байна.

Gemini 4 Argon бодит ажлын орчинд Google-ийн сурталчилж буй түвшний гүйцэтгэлийг үзүүлж чадах эсэх нь хэрэглээнд нэвтэрсний дараа илүү тодорхой болох юм. Харин одоогоор жирийн хэрэглэгчдийн хувьд хамгийн том хязгаарлалт нь шинэ загвар төлбөртэй багцуудаар дамжин ашиглагдах нөхцөл хэвээр байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.