SpaceX сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авчээ: Эрдэмтэд эсэргүүцэв

2 views
SpaceX сансарт нэг сая хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл авчээ: Эрдэмтэд эсэргүүцэв

АНУ-ын Холбооны харилцаа холбооны комисс (FCC) хиймэл оюун ухааны тооцоололд зориулсан дата төвүүдийг сансарт байгуулах SpaceX-ийн төлөвлөгөөг зөвшөөрчээ. Ингэснээр Elon Musk-ийн компани дэлхийн тойрог замд нэг сая хиймэл дагуул хөөргөх эрхтэй болсон байна.

Starmind сүлжээ хиймэл оюуны тооцооллыг гүйцэтгэнэ

Хиймэл оюун ухаан SpaceX-ийн өсөлтийн стратегид чухал байр суурь эзэлдэг. Гэхдээ тус компани зургаадугаар сард хувьцаагаа анхдагч зах зээлд гаргахаасаа өмнө зохицуулагчид хүргүүлсэн баримт бичигтээ сансрын дата төвийг хараахан туршиж баталгаажуулаагүй технологи бөгөөд арилжааны хувьд ашиггүй байх эрсдэлтэйг дурджээ.

FCC лхагва гарагийн мэдэгдэлдээ нэг сая тооцоолох модулийг нэгтгэх Starmind сүлжээ нь хиймэл оюун ухааны тооцооллын хүчин чадлын эрчимтэй нэмэгдэж буй хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлнэ гэж тайлбарласан байна. Хиймэл дагуулууд дэлхий дээр ашиглах асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах зориулалттай аж.

FCC-ийн тэргүүн Brendan Carr “Энэхүү алхам нь Америкийн манлайлал болон өсөлтийг дэмжихэд шаардлагатай тооцооллын дэд бүтцийн хувьд цоо шинэ, зоригтой боломжийг нээж өгч байна” гэж мэдэгджээ.

Нарны эрчим хүчээр ажиллах дата төвийн төлөвлөгөө

Хиймэл оюун ухааны дата төвүүдийн цахилгаан хэрэглээ өндөр байдаг тул Musk тэдгээрийг тойрог замд байрлуулж, нарны эрчим хүчээр ажиллуулах санааг дэмжиж ирсэн юм.

SpaceX энэ оны эхээр FCC-д зөвшөөрөл хүсэхдээ “Үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал багатай, нарны эрчим хүчийг тасралтгүй ашиглах боломжтой эдгээр хиймэл дагуулууд нь эрчим хүчний үр ашгийг эрс сайжруулахын зэрэгцээ дэлхий дээрх өгөгдлийн төвүүдээс үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц бууруулах болно” гэж мэдэгдэж байв.

Musk өчигдөр зохицуулагчийн шийдвэрийг сайшааж, X платформдоо “Энэ нь Америк болон дэлхий нийтийн хувьд асар том хөрөнгө оруулалт, боломж байх болно” хэмээн бичжээ.

Одон орон судлаачид ямар эрсдэл анхааруулав?

Харин шинжлэх ухааны салбарынхан уг төлөвлөгөөнд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд ийм олон хиймэл дагуул шөнийн тэнгэрийн харагдах байдлыг өөрчилж, тойрог зам дахь хог хаягдал болон бохирдлыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Америкийн Одон орон судлалын нийгэмлэг лхагва гарагт мэдэгдэл гаргаж, FCC-ийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Тус байгууллагын анхааруулснаар, хиймэл дагуулууд шөнийн тэнгэрт удаан хугацаагаар тод харагдах боломжтой аж. Түүнчлэн тэдгээрээс үүсэх радио цацраг, хаягдал дулаан нь одон орны ажиглалтад ашигладаг өндөр мэдрэмжтэй багажуудын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Мөн олон тооны хиймэл дагуул хөөргөх үйл ажиллагаанаас үүдэх агаар мандлын бохирдлыг анхаарах шаардлагатайг дурджээ.

Байршуулалтыг 2033 оноос үе шаттай хэрэгжүүлнэ

Зөвшөөрөлд SpaceX-ийн биелүүлэх хугацаатай шаардлагуудыг тусгасан байна. Үүнд:

  • 2033 оны арваннэгдүгээр сар гэхэд дор хаяж нэг сансрын станц байрлуулах;
  • 2035 оны арваннэгдүгээр сар гэхэд төлөвлөсөн нийт станцын 10 хувь буюу 100 мянгыг байршуулах;
  • 2038 оны арваннэгдүгээр сар гэхэд нийт тооны 50 хувийг тойрог замд оруулах шаардлагатай аж.

Одоогоор сансарт идэвхтэй ажиллаж буй хиймэл дагуулын тоо ойролцоогоор 16,700 гэсэн тооцоо бий.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.