НАСА-гийн Swift ажиглалтын төв 20 гаруй жилийн дараа дэлхийн агаар мандалд шатаж устахаар болжээ

НАСА-гийн Swift ажиглалтын төв 20 гаруй жилийн дараа дэлхийн агаар мандалд шатаж устахаар болжээ

Сансар огторгуйн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийг хорь гаруй жилийн турш ажигласан НАСА-гийн Neil Gehrels Swift Observatory дэлхийн агаар мандалд дахин нэвтэрч, шатаж устах төлөвтэй байна.

Анх ердөө хоёр жил ажиллуулахаар төлөвлөсөн гурван дуран бүхий уг сансрын аппарат олон жил үүргээ үргэлжлүүлсэн ч одоо хөдөлгөөнөө удирдах болон ажиглалт хийх боломжгүй болжээ. Иймээс хиймэл дагуул агаар мандалд хяналтгүйгээр нэвтрэх аж.

АНУ-ын Сансрын хүчний тооцоолсноор ойролцоогоор 1450 кг жинтэй Swift арваннэгдүгээр сарын 4-ний АНУ-ын зүүн эргийн цагаар 03:30 орчимд агаар мандалд орох төлөвтэй байна.

Зарим эд анги нь бүрэн шатахгүй үлдэж магадгүй

НАСА-гийн мэдээлснээр аппаратийн ихэнх хэсэг агаар мандалд шатах боловч зарим эд анги нь бүрэн усталгүй газрын гадаргад хүрэх боломжтой аж.

“Агаар мандалд дахин нэвтэрсний дараа бүтэн үлдсэн эд ангиуд бөмбөрцгийн аль хагаст, мөн яг хэзээ агаар мандалд нэвтрэхээс хамааран өөр өөр байж болно” гэж тус агентлаг мэдээлжээ.

Болзошгүй хэлтэрхийнүүд өмнөд өргөргийн 20.6 хэмээс хойд өргөргийн 20.6 хэмийн хоорондох бүсэд унах боломжтой гэж тооцоолсон байна.

Тус агентлаг “Дэлхий дээрх хэн нэгэн хүн хохирох эрсдэл бага буюу ойролцоогоор 2100-д нэг байна. НАСА болон Сансрын хүчин уг аппаратыг агаар мандалд дахин нэвтрэх явцыг үргэлжлүүлэн ажиглаж, таамаглалаа шинэчилнэ” гэж мэдэгджээ.

2000 гаруй гамма-цацрагийн тэсрэлтийг илрүүлжээ

Swift ажиглалтын төвийг 2004 онд гамма-цацрагийн тэсрэлтүүдийг судлах зорилгоор хөөргөсөн юм.

Эдгээр үзэгдлийг Их тэсрэлтээс хойш орчлон ертөнцөд тохиолддог хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг гэж үздэг. Swift тэдгээрийн байршил, хүчний талаарх мэдээллийг маш богино хугацаанд дэлхий рүү дамжуулах зориулалттай байжээ.

Ажилласан хугацаандаа тус төв 2000 гаруй гамма-цацрагийн тэсрэлтийг илрүүлж, байршлыг нь тогтоон ажигласан байна.

НАСА-гийн мэдээлснээр ийм тэсрэлт дунджаар өдөрт нэг орчим удаа тохиолдож, хэдхэн миллисекундээс хэдэн зуун секунд хүртэл үргэлжилдэг ч асар хүчтэй гамма-цацрагийн гялбаа үүсгэдэг аж.

Эрдэмтэд эдгээр тэсрэлтийн бүх шалтгааныг бүрэн тогтоогоогүй хэвээр байна. Тэд асар том од дэлбэрч хар нүх үүсэх, хоёр нейтрон од мөргөлдөх зэрэг үйл явцтай холбоотой байж болзошгүй гэж үздэг.

“Өнчин” хар нүхний ховор үзэгдлийг ч ажигласан

Swift-ийг НАСА-гийн Midex буюу Дунд оврын судалгааны хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн юм.

Энэ оны долдугаар сард тус төв галактикийн зах хэсгээр тэнүүчилж байсан асар том хар нүх нэгэн одыг бутлан залгиж буй ховор үзэгдлийг ажиглажээ.

“Од бутарч, хэлтэрхийнүүд нь хар нүхийг тойрон эргэлдэхдээ халж, одон орон судлаачдын сансар огторгуйн алс холоос ажиглаж чадах гэрэлтэлт үүсгэдэг. Харин хар нүх гэрлийн хурдтай ойролцоо хурдаар хөдөлж буй бөөмсийн урсгалыг сансар огторгуй руу цацдаг” гэж НАСА мэдээлжээ.

Эрдэмтэд ийм үйл явдлыг “түрлэгийн хүчний нөлөөгөөр задрах үзэгдэл” буюу tidal disruption event гэж нэрлэдэг.

Уг үзэгдэл галактикийн төвөөс 2600 гэрлийн жилийн зайд болсон бол Swift-ийн баг өмнө нь төвөөс 30 мянга гаруй гэрлийн жилийн зайд болсон өөр нэг ижил төстэй үзэгдлийг ажиглаж байжээ.

Ийнхүү анх хоёр жилийн ажиллагаанд зориулан бүтээсэн Swift ажиглалтын төв 20 гаруй жилийн турш сансар судлалд үнэтэй мэдээлэл цуглуулсны эцэст дэлхийн агаар мандалд эргэн орж, ажиллагаагаа бүрэн дуусгахаар байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.