Сарны гадаргын доор олон салаа агуй, хонгилын томоохон сүлжээ нуугдаж байж болзошгүй байна. 2009 онд Сарны бидэнд харагддаг талд, Шуурганы далай орчимд 90 метр орчим өргөн, 46 метрийн гүнтэй Мариус-Гилл хэмээх асар том хонхор илрүүлсэн юм.
Эрдэмтдийн үзэж буйгаар уг нүх нь эртний галт уулын идэвхжлийн үеэр үүссэн лавын хонгилын тааз нурсан хэсэг байж болох аж. Энэ таамгийг шалгахын тулд NASA GIMLI нэртэй шинжлэх ухааны төслийг хэрэгжүүлэхээр сонгож, сарны гадаргуу дээр ажиллах ровероор нүх болон түүний орчныг нарийвчлан судлахаар болжээ.
Сарны доорх агуй ирээдүйн бааз болох боломжтой
Мариус-Гилл орчмыг судлах нь Сарны галт уулын өнгөрсөн түүхийг илүү сайн ойлгоход төдийгүй ирээдүйд сансрын нисэгчдийн газар доорх бааз байгуулах боломжийг үнэлэхэд чухал ач холбогдолтой.
Сар бараг агаар мандалгүй тул гадаргуу нь сансрын хүчтэй цацраг, бичил солирын мөргөлт болон температурын огцом хэлбэлзлээс бараг хамгаалалтгүй байдаг.
Харин байгалийн гаралтай газар доорх хонгил, агуйнууд үнэхээр оршин байдаг нь батлагдвал сансрын нисэгчид болон тоног төхөөрөмжийг дээрх аюулаас хамгаалах байгалийн хоргодох байр болж ашиглагдах боломжтой.
Өнөөг хүртэл Мариус-Гилл нүхийг голчлон Сарыг тойрон ажилладаг сансрын аппаратуудаас авсан зураг, хэмжилтээр судалж ирсэн байна.
Харин АНУ-ын Planetary Science Institute тэргүүтэй GIMLI төслийн хүрээнд эрдэмтэд анх удаа сарны гадаргуу дээрээс шууд хэмжилт хийхээр төлөвлөжээ.
Ровер георадар, сейсмийн мэдрэгчээр нүхний доорхийг шинжилнэ
Судалгаанд буугч төхөөрөмж болон тусгай ровер ашиглах бөгөөд тэдгээрийг камер, георадар, сейсмийн мэдрэгч, мөн таталцлын орны өөрчлөлтийг хэмжих гравиметрээр тоноглох аж.
Эдгээр хэрэгслийн тусламжтайгаар эрдэмтэд нүхний бүтэц, гүн, доор нь үргэлжилсэн хөндий эсвэл лавын хонгил байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно.
Төслийн тоног төхөөрөмжийн нэлээд хэсгийг Honeybee Robotics компани бусад хамтрагч байгууллагуудтай хамтран боловсруулах юм байна.
Хэрэв Мариус-Гилл нүхний доор том хэмжээний лавын хонгил үнэхээр байгаа нь батлагдвал энэ нь Сарны геологийн судалгаанд томоохон ахиц болохоос гадна ирээдүйн хүнтэй нислэг, урт хугацааны бааз байгуулах төлөвлөгөөнд ч чухал нөлөө үзүүлэх боломжтой.
Харин газар доорх том агуй байхгүй нь тогтоогдсон ч уг нүх хэрхэн үүссэн, Сарны эртний галт уулын идэвхжил ямар байсан талаар шинэ мэдээлэл авах боломж бүрдэх юм.
Одоогоор GIMLI төслийн хөөргөх яг товыг зарлаагүй байна.