Одон орон судлаачид Нарны аймгийн хамгийн алслагдсан, хүйтэн бүсүүдийн нэгээс одой гараг байж болзошгүй шинэ биет илрүүлжээ.
Reuters-ийн мэдээлснээр уг биетийг 2026 ED138 гэж нэрлэсэн бөгөөд ойролцоогоор 600-1,500 километрийн диаметртэй байж магадгүй гэж тооцоолж байна.
2026 ED138 нь Нарнаас Дэлхийтэй харьцуулахад ойролцоогоор 46 дахин хол зайд тойрдог аж. Харин Плутон Нарнаас дунджаар Дэлхий-Нарны зайнаас 40 орчим дахин хол оршдог.
Rubin Observatory шинэ биетийг илрүүлжээ
2026 ED138-ийг Чилийн төв хэсгийн Cerro Pachon уулын оройд байрлах шинэ Vera C. Rubin Observatory ашиглан илрүүлсэн байна.
Тус ажиглалтын төв нь АНУ-ын National Science Foundation болон U.S. Department of Energy-ийн хамтарсан төсөл юм.
Гэхдээ 2026 ED138-ийг албан ёсоор одой гараг гэж ангилахын өмнө нэмэлт ажиглалт хийх шаардлагатай байна.
Одой гарагийн ангилалд орохын тулд тухайн биет хангалттай их масстай байх ёстой бөгөөд өөрийн таталцлын хүчээр бараг бөөрөнхий хэлбэртэй болсон байх шаардлагатай.
Судлаачид 2026 ED138 энэ шалгуурыг хангах магадлал өндөр гэж үзэж байгаа ч яг хэмжээ болон ямар материалаас бүрдсэнийг нь одоогоор бүрэн тогтоогоогүй байна.
Батлагдвал зургаа дахь одой гараг болно
Хэрэв 2026 ED138-ийг одой гараг болохыг албан ёсоор баталбал International Astronomical Union-ийн хүлээн зөвшөөрсөн зургаа дахь одой гараг болох юм.
Одоогоор албан ёсоор таван одой гараг бүртгэгдсэн байдаг. Үүнд:
- Pluto
- Eris
- Haumea
- Makemake
- Ceres
Pluto, Eris, Haumea болон Makemake нь Далай вангийн цаадах бүсэд тойрдог бол Ceres нь Ангараг болон Бархасбадийн хооронд орших астероидын бүсэд байрладаг.
2026 ED138-ийн одоогийн хэмжээсийн тооцоолол зөв бол энэ биет Нарны аймгийн хамгийн том одой гарагуудын нэг болох боломжтой байна.
Гэхдээ одоогоор түүний хэмжээг илүү нарийвчлалтай тодорхойлж, гадаргуу болон найрлагыг нь судлах ажиглалт шаардлагатай хэвээр байна.