Япон улс Ангараг гарагийн дагуул Фобосоос хөрсний дээж авч, Дэлхийд буцаан авчрах зорилготой сансрын томоохон ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл Ангараг гараг эсвэл түүний дагуулуудаас шууд дээж авч, Дэлхий дээр судалсан анхны тохиолдол болох юм.
Японы сансар судлалын байгууллагын удирдаж буй “Ангараг гарагийн дагуулуудыг судлах” буюу MMX төсөл Фобос, Деймос хэрхэн үүссэн талаарх олон жилийн маргаантай асуултад хариу олох зорилготой.
Төслийн хөлөг аравдугаар сарын 20-ны орон нутгийн цагаар 04:41 цагт Танегашима сансрын төвөөс хөөрөхөөр товлогджээ. Төлөвлөгөөний дагуу хөлөг 2027 оны наймдугаар сард Фобосын орчимд хүрэх юм.
Байгалийн түүхийн музейн профессор, MMX төслийн дээжийн шинжилгээ хариуцсан орлогч тэргүүн Сара Расселл:
“Фобост хүрч, тэндээс дээж аваад дэлхийд буцаж ирсэн амжилттай тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Энэ бол үнэхээр зоригтой бөгөөд сонирхолтой төсөл юм”
гэж хэлжээ.
Нарны аймгийн дотоод хэсэгт ердөө гурван дагуул байдаг. Үүнд манай Сар болон Ангараг гарагийг тойрон эргэдэг Фобос, Деймос хоёр багтдаг.
Фобос ойролцоогоор 20 км, Деймос 10 км орчим диаметртэй бөгөөд аль аль нь бөмбөрцөг хэлбэртэй бус, төмс мэт жигд бус гадаргуутай жижиг биетүүд юм.
Ийм жижиг дагуул дээр төхөөрөмж буулгах нь маш хэцүү
MMX хөлөг Ангараг гарагийн орчимд хүрснийхээ дараа эхлээд Деймосыг ажиглаж, дараа нь Фобос руу шилжинэ. Улмаар Фобосын гадаргууг судлах жижиг өөрөө явагч төхөөрөмж буулгахаар төлөвлөжээ.
Гэвч энэ нь энгийн ажиллагаа биш. Өмнө нь ийм хэмжээний жижиг дагуул дээр өөрөө явагч төхөөрөмж амжилттай буулгаж байгаагүй гэж Сара Расселл онцолсон байна.
Тэр:
“Дагуул өөрөө маш сул таталцлын хүчтэй. Гэвч тэр нь асар том, хүчтэй таталцлын хүч бүхий гарагийн хажууд байрладаг тул гадаргуу дээр нь төхөөрөмж буулгах маш хэцүү”
гэж тайлбарлажээ.
Өөрөө явагч төхөөрөмж эхлээд гадаргууг шинжилж, үндсэн хөлөг буухад хамгийн тохиромжтой цэгийг тогтооно. Үүний дараа MMX хөлөг өөрөө Фобосын гадаргууд буух төлөвлөгөөтэй.
Хөлөг буусныхаа дараа робот гар болон өөр хоёр тусгай хэрэгслээр Фобосын тоос, хөрсийг цуглуулна.
Цуглуулсан дээжийг жижиг капсулд хадгалж, 2031 онд Дэлхийд авчрахаар төлөвлөжээ. Капсул Австралийн өмнөд хэсэгт орших Вумерагийн цөлд газардах юм.
Дэлхийд авчрах материалын нийт хэмжээ ердөө 10 грамм байна.
Төсөлд оролцож буй Лестерын их сургуулийн доктор Криса Авделлиду:
“Энэ бол үнэхээр маш бага хэмжээ юм. Гэхдээ бид ганц ширхэг тоосонцор дээр ч хэд хэдэн төрлийн судалгаа хийх боломжтой. Шинжлэх ухааны судалгаа хийхийн тулд гадаргуугаас олон килограмм дээж авчрах шаардлагагүй шүү дээ. Тиймээс энэ нь грамм тутамдаа асар үнэ цэнтэй”
гэж ярьжээ.
Фобос, Деймос хоёр хаанаас үүссэнийг тогтоож магадгүй
Эрдэмтдийн гол зорилго нь Ангараг гарагийн хоёр дагуулын гарал үүслийг тогтоох явдал юм. Одоогоор үүнийг тайлбарлах үндсэн хоёр таамаглал бий.
Нэг хувилбараар Ангараг гарагийн эхэн үед асар том сансрын биет мөргөсний дараа үүссэн хэлтэрхийнүүд нийлж Фобос, Деймосыг бий болгосон байж магадгүй.
Нөгөө хувилбараар эдгээр нь Нарны аймгийн өөр хэсгээс ирсэн астероидууд бөгөөд Ангараг гарагийн таталцлын хүчинд баригдан дагуул болсон байх боломжтой.
Сара Расселл:
“Бид дээжээ авчирсныхаа дараа түүний химийн болон эрдсийн найрлагыг нарийвчлан судлах боломжтой болно. Энэ хоёр таамаглал нь тус тусдаа эрс ялгаатай үр дүнг харуулах болно”
гэжээ.
Тэр мөн:
“Энэ нь хүчтэй мөргөлдөөний үр дүнд үүссэн үү, эсвэл таталцлын хүчинд баригдсан астероид уу гэдэг нь бараг тэр дороо л тодорхой болно. Тиймээс бид үүнийг маш хурдан мэдэж авах болно”
хэмээн тайлбарласан байна.
Судлаачид Фобосын дээжээс бүр илүү сонирхолтой зүйл олж магадгүй гэж найдаж байгаа. Учир нь Фобос Ангараг гарагтай маш ойрхон эргэдэг.
Ангараг дээр астероид зэрэг биет мөргөх үед гадаргуугаас тасарсан жижиг хэсгүүд сансарт шидэгдэж, Фобос дээр унах боломжтой.
Сара Расселл:
“Хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол Фобос нь Ангараг гарагийн гадаргуутай маш ойрхон байрладаг явдал юм. Тиймээс Ангараг гараг дээр ямар нэгэн биет мөргөх үед үүссэн жижиг хэлтэрхийнүүд Фобост шигдэж орох боломжтой. Энэ нь бидний авчрах дээжид Ангараг гарагаас гаралтай жижиг хэсгүүд ч бас агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм”
гэжээ.
Хэрэв ийм материал илэрвэл эрдэмтэд Ангараг дээр шууд буулт хийлгүйгээр тус гарагийн эх чулуулгийн хэсгийг лабораторид судлах ховор боломжтой болно.
Ангараг гарагаас дээж авчрах зорилго олон арван жилийн турш сансар судлалын хамгийн том зорилтуудын нэг байсаар ирсэн.
2021 оноос Ангарагийн гадаргуу дээр ажиллаж буй NASA-гийн Perseverance төхөөрөмж хэд хэдэн газраас чулуулгийн дээж авч, тусгай саванд хадгалсан. Гэвч тэдгээрийг Дэлхийд авчрах NASA болон Европын сансрын агентлагийн хамтарсан төсөл санхүүжилтийн хүндрэлтэй тулгарсан.
Хятад улс мөн Ангарагаас дээж авчрах өөрийн төслийг 2028 онд эхлүүлж, 2031 онд материалыг Дэлхийд хүргэх зорилт тавиад байна.
Одоогоор эрдэмтдийн гарт Ангарагаас гаралтай гэж тогтоосон солирууд байдаг. Эдгээр нь Ангараг дээр хүчтэй мөргөлдөөн болох үед тасран сансарт шидэгдэж, эцэст нь Дэлхий дээр унасан чулуулгууд юм.
Гэвч ийм солир маш ховор төдийгүй Дэлхий дээр ирсний дараа агаар, ус, хөрс, тоос шороотой холилдож бохирдох эрсдэлтэй.
Тиймээс Ангараг болон түүний дагуулын гадаргуугаас шууд авсан, гаднын орчинд бохирдоогүй дээжийг лабораторид судлах нь эрдэмтдийн хувьд онцгой үнэ цэнтэй байх юм.
Хэрэв MMX төлөвлөгөөний дагуу хэрэгжвэл Фобосоос авчрах ердөө 10 грамм хөрс Ангараг гарагийн дагуулуудын үүсэл төдийгүй Улаан гарагийн эртний түүхийн талаар ч шинэ мэдээлэл өгөх боломжтой.