Дэлхийгээс нэг гэрэл-өдрийн зайд: Voyager 1 шинэ босго давахад ойртлоо

1 views
Дэлхийгээс нэг гэрэл-өдрийн зайд: Voyager 1 шинэ босго давахад ойртлоо

1977 онд сансарт хөөрсөн NASA-гийн Voyager 1 хүн төрөлхтний бүтээсэн бусад бүх хөлгөөс хол аялжээ. Од хоорондын орон зайд судалгаагаа үргэлжлүүлж буй уг төхөөрөмж удахгүй дэлхийгээс нэг “гэрэл-өдөр”-ийн зайд хүрэх гэж байна.

Энэ нь гэрэл бүтэн 24 цагийн турш туулах зай бөгөөд ойролцоогоор 26 тэрбум километртэй тэнцэнэ.

NASA-гийн мэдээлснээр цагт 61 мянган километрийн хурдтай алсалж буй Voyager 1 лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 05:16 буюу Улаанбаатарын цагаар 18:16 цагт уг босгыг давах ажээ.

Хагас зуунд ойртсон ажиллагаа инженерийн амжилт болов

Voyager 1 нь дэлхийгээс хамгийн алсад хүрсэн хүний бүтээл юм. Ийм хол зайд байгаа төхөөрөмжтэй холбоо тогтоож, мэдээлэл хүлээн авсаар буй нь хөтөлбөрийн онцгой амжилтын нэг болж байна.

“Би үүнийг инженерийн чухал амжилт, тодруулбал Voyager 1 хөлгийн гайхалтай урт удаан хугацааны ажиллагааг харуулсан үзүүлэлт гэж харж байна. Түүнчлэн ийм хол зайд байгаа хөлөгтэй холбоо тогтоож чадаж байгаа нь өөрөө инженерийн томоохон ололт юм” хэмээн Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн сансрын цацрагийн лабораторийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, астрофизикч Алан Каммингс хэлжээ.

Тэрээр Voyager хөтөлбөрт 1973 оноос хойш ажиллаж байгаа юм.

Нэг гэрэл-өдөр ямар хэмжээний зай вэ?

Сансрын хол зайг илэрхийлэхэд “гэрэл-жил” гэсэн нэгжийг түгээмэл ашигладаг. Энэ нь гэрлийн бөөм буюу фотон нэг жилийн хугацаанд туулах зай бөгөөд ойролцоогоор 9.5 их наяд километр болно.

Харин гэрэл-өдөр нь үүнтэй ижил зарчмаар тооцогдох ч нэг жилийн бус, 24 цагийн зайг илэрхийлдэг.

Харьцуулахад, манай Нарны аймагт хамгийн ойр орших од болох Alpha Centauri системийн Proxima Centauri хүртэл ойролцоогоор 4.24 гэрэл-жилийн зайтай. Иймээс Voyager 1-ийн хүрэх гэж буй босго асар хол мэт боловч одод хоорондын зайтай харьцуулахад бага хэмжээ юм.

Ихэр хөлгөөсөө хожуу хөөрсөн ч түрүүлж алсалжээ

Voyager 1 болон Voyager 2 хөлгийг 49 жилийн өмнө хөөргөж, Нарны аймгийн алслагдсан гарагуудыг судлуулсны дараа аяллыг нь цааш үргэлжлүүлсэн байна.

Voyager 1 нь ихэр хөлгөөсөө 16 хоногийн дараа буюу 1977 оны есдүгээр сарын 5-нд Флоридагийн Канавералын хошуунаас Titan IIIE-Centaur пуужингаар хөөрчээ. Гэсэн ч хэдхэн сарын дараа Voyager 2-ыг гүйцэж, урд нь гарсан юм.

Аяллынхаа үеэр Voyager 1 Бархасбадь, Санчир болон тэдгээрийн дагуулуудын талаарх олон шинэ мэдээллийг дэлхийд илгээсэн байна.

Тухайлбал, Бархасбадийн бүдэг цагариг, өмнө нь тогтоогоогүй байсан Thebe, Metis дагуулуудыг илрүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Мөн Санчирын дагуулууд, цагаргийн бүтцийг судалж, G цагаригийн талаарх мэдээлэл цуглуулсан байна.

2012 оноос од хоорондын орон зайг судалж байна

Voyager 1 нь 2012 онд Нарны бөөмс, соронзон орны нөлөөгөөр үүсдэг хелиосферийн гаднах заагийг давжээ. Ингэснээр од хоорондын орон зайд нэвтэрсэн бөгөөд түүнээс хойш ч шинжлэх ухааны мэдээлэл дамжуулсаар байгаа юм.

Харин Voyager 2 уг заагийг 2018 онд давсан байна. Ийнхүү хоёр хөлөг анхны гараг судлах даалгавраасаа хальж, Нарны нөлөөллийн бүсийн гаднах орчныг судлах урт хугацааны аяллаа үргэлжлүүлж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.