OpenAI кибер аюулгүй байдлын зориулалттай шинэ GPT-6 Cyber загвараа танилцуулжээ. Компанийн мэдээлснээр уг систем өмнөх үеийн загвараас эмзэг байдал илрүүлэхдээ илүү үр дүнтэй болж, өгсөн даалгаврын хүрээнээс хэтрэх тохиолдол ч мэдэгдэхүйц буурсан байна.
Туршилтын үеэр GPT-6 Cyber зөвшөөрөгдөөгүй гаднын систем рүү нэвтрэх зэрэг даалгаврын хүрээнээс хазайсан үйлдэл хийх нь нэг хувиас бага тохиолдолд ажиглагджээ. Харин GPT-5.6 Cyber-ийн хувьд ийм үзүүлэлт ойролцоогоор таван хувь байсан гэж OpenAI мэдээлсэн байна.
Зааврыг 99 хувиас дээш тохиолдолд дагажээ
Шинэ загварыг ExploitGym HoneyPot зэрэг орчинд туршсан байна. Энэхүү үнэлгээ нь өмнө нь Hugging Face-тэй холбоотой туршилтын үед AI агентууд зөвшөөрөгдсөн хязгаараас гарсан явдлаас санаа авч боловсруулагджээ.
OpenAI-ийн кибер загварын бэлтгэл, аюулгүй байдлын багийн удирдагч Fuad Matin-ийн хэлснээр GPT-6 Cyber өгсөн зааврыг 99 хувиас дээш тохиолдолд зөв мөрдөж байгаа аж.
Гэхдээ AI загвар туршилтад оролцож байгаагаа “ойлгох” нь үнэлгээний найдвартай байдалд нөлөөлөх нэг асуудал хэвээр байгааг тэр онцолжээ. Үүнийг багасгахын тулд OpenAI бодит кодын сан, бодит зорилготой, үйлдвэрлэлийн орчинтой төстэй нөхцөлд загвараа шалгахыг илүүд үзэж байгаа гэж мэдээлсэн байна.
Кибер аюулгүй байдлын ангилалд “critical” түвшин авчээ
OpenAI-ийн бэлэн байдлын үнэлгээний системээр GPT-6 Cyber кибер аюулгүй байдлын ангилалд “critical” буюу хамгийн өндөр эрсдэлийн түвшинд орсон гэж компани мэдэгджээ.
Энэ үнэлгээ нь загвар маш өндөр төвшний кибер даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай болсныг илтгэдэг. Өмнөх GPT-5.6 Cyber загвар “high” түвшинд үнэлэгдэж байсан байна.
ExploitGym шалгалтад GPT-6 Cyber 48.5 хувийн үзүүлэлт авсан бол GPT-5.6 Cyber 32.1 хувь, GPT-6 Astra 42.4 хувийн үр дүн үзүүлжээ.
OpenAI-ийн мэдээлснээр шинэ загвар Firefox-оос өмнө нь мэдэгдээгүй 81 эмзэг байдал илрүүлэхэд тусалсан бөгөөд мөн компанийн AI сургалтын дэд бүтцийн хамгаалалтыг бэхжүүлэх ажилд ашиглагдсан байна.
Өндөр эрсдэлтэй үйлдлийг зогсоох нэмэлт хамгаалалттай
GPT-6 Cyber-ийн чадвар нэмэгдсэнтэй зэрэгцэн буруу ашиглалтаас хамгаалах нэмэлт системүүд нэвтрүүлсэн гэж OpenAI мэдэгджээ.
Шинэ хяналтын механизм нь өндөр эрсдэлтэй гэж үзсэн үйлдлүүдийг илрүүлж, зогсоох зориулалттай. Үүнд цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг чухал дэд бүтцэд чиглэсэн кибер халдлагын оролдлогууд багтаж байна.
Компанийн мэдээлснээр энэхүү хамгаалалт нь загварын өндөр чадварыг зөвшөөрөгдсөн, хамгаалалтын зориулалттай ажлуудад ашиглахад чиглэжээ.
Эхний ээлжид Daybreak Red хөтөлбөрөөр ашиглана
GPT-6 Cyber эхний шатанд OpenAI-ийн Daybreak Red хөтөлбөрийн сонгогдсон оролцогчдод нээгдэхээр болжээ.
Тус хөтөлбөр нь AI загварыг зөвшөөрөлтэй, хамгаалалтын кибер аюулгүй байдлын ажилд ашигладаг компани, байгууллагуудад зориулагдсан байна.
OpenAI ойрын хэдэн долоо хоногт GPT-6 Cyber-ийн хүртээмжийг Daybreak Red хөтөлбөрийн бүх хэрэглэгчид рүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.