Apple Music олон жил ашигласан улаан өнгийн хөгжмийн нот бүхий таних тэмдгээ орхиж, илүү энгийн хар, цагаан хувилбар руу шилжихээр туршиж байгаа нь хэрэглэгчдийн дунд маргаан дагуулжээ.
Шинэ дүрс iOS 27.2-ийн дөрөв дэх туршилтын хувилбарт харагдсан бөгөөд энгийн горимд хар дүрс цагаан дэвсгэр дээр, харанхуй горимд цагаан дүрс хар дэвсгэр дээр байрлах болжээ.
Энэ өөрчлөлтөөс өмнө Apple Music-ийн бүтэн бичвэр бүхий логог мөн илүү бүдүүн үсэгтэй, бүхэлдээ жижиг үсгээр бичсэн шинэ загварт оруулсан байсан. Уг загварыг компанийн Лондонд нээсэн Apple Music Hall танхимтай зэрэгцэн анх харуулсан байна.
Шинэ дүрсэнд зөвхөн өнгө өөрчлөгдсөнгүй. Нотны дүрс өмнөхөөсөө бага зэрэг зүүн тийш налуу болсон бөгөөд доод хэсгүүд нь илүү зууван хэлбэртэй болжээ. Мөн нот болон холбосон зураасны доор маш бүдэг сүүдэр оруулсан байна.
Үүнээс гадна Apple ил тод загвартай хувилбар санал болгож байгаа бөгөөд бусад дүрсний адил хэрэглэгч өөрийн хүссэн өнгөөр хувиргах боломжтой аж.
Apple Music-ийн нүүр дэлгэцийн жижиг цонхнуудаас улаан өнгийг мөн хасч, апп доторх ягаавтар улаан өнгийн өнгөлгөөг цэнхэр өнгөөр сольжээ.
“Уйтгартай”, “ерөнхий”, “сэтгэлгүй болсон” гэх шүүмжлэл нэмэгдэв
Apple өмнө нь ч дүрс, интерфэйсийн загвараа өөрчлөх бүрдээ хэрэглэгчдийн шүүмжлэлтэй тулгарч байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс шинэ загварт дасах тохиолдол олон.
Харин Apple Music-ийн энэ удаагийн өөрчлөлт нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Зарим хэрэглэгч шинэ логог хэт энгийн, онцлоггүй, брэндийн танигдах төрхийг алдагдуулсан гэж үзжээ.
Нэг хэрэглэгч:
“Энэ бол бүх цаг үеийн хамгийн муу логоны өөрчлөлт”
хэмээн бичсэн байна.
Өөр нэг нь шинэ дүрсийг “график дизайн миний хобби” гэх түвшний харагдаж байна гэж егөөджээ. Мөн “Apple Music, гэхдээ гунигтай хувилбар”, “бүх сэтгэл татам байдлыг нь сорж авсан” гэх мэт сэтгэгдэл ч гарсан байна.
Гэхдээ шинэчлэлтийг таалагдсан хэрэглэгчид ч бий.
Нэг хүн:
“Миний хувьд маш сайн дүрс байна. Тэр улаан өнгө надад хэзээ ч утга учиртай санагддаггүй байсан”
гэж бичсэн бол өөр нэг хэрэглэгч:
“Надад үнэхээр таалагдаж байна”
хэмээн санал бодлоо илэрхийлжээ.
Одоогоор шинэ лого туршилтын хувилбарт байгаа тул Apple эцсийн хувилбар гаргахаасаа өмнө загвараа дахин өөрчлөх боломжтой хэвээр байна.
Гэсэн ч компани өмнөх тохиолдлуудад томоохон интерфэйс болон дүрсний өөрчлөлтөө туршилтын шатнаас хойш хадгалж үлдэх нь олонтаа байсан тул шинэ хар, цагаан Apple Music лого албан ёсоор нэвтрэх магадлалтай гэж хэрэглэгчид таамаглаж байна.