Instagram хэрэглэгчид нийтэлсэн сторидоо засвар оруулах боломжтой болжээ. Шинэ функцээр текст, хөгжим, стикер, зурсан дүрслэлээ өөрчлөхдөө өмнө нь цуглуулсан үзэлт, лайк, сэтгэгдлээ алдахгүй байх юм. Энэ талаар тус платформын тэргүүн Адам Моссери мэдэгдсэн байна.
Өмнө нь үсгийн алдаа засах эсвэл хөгжим нэмэхийн тулд сторигоо устгаж, дахин нийтлэх шаардлагатай байв. Ингэснээр анхны нийтлэлийн үзэлт, хариу үйлдлүүд арилдаг байсан юм.
Нийтэлснээс хойш 15 минутын дотор засна
Сториг нийтэлснээс хойших эхний 15 минутад өөрчлөх боломжтой. Үүний тулд тухайн сторигоо нээж, баруун доод булангийн гурван цэгтэй цэсийг дараад «Стори засах» сонголтыг сонгоно.
Текст, хөгжим, стикер болон зурсан дүрслэлийг өөрчилж болох ч үндсэн зураг, видеог солих боломжгүй байна. Засвар хийсний дараа сторид «Засварласан» гэсэн тэмдэглэгээ нэмэгдэх бөгөөд байрлал болон үзэх эрхтэй хүмүүсийн хүрээ нь хэвээр үлдэнэ.
Зарим сторид засвар хийх боломжгүй
Facebook-т зэрэг нийтэлсэн стори болон тодорхой төрлийн стикертэй нийтлэлд энэ функц ажиллахгүй. Тухайлбал, «Таны ээлж» стикер ашигласан сториг засварлах боломжгүй аж.
Мөн засварласан сториг өмнө нь дахин хуваалцсан нийтлэлүүд устах хязгаарлалттай байна.
Урт видеогоор YouTube-тэй өрсөлдөж байна
Үүнээс өмнө Instagram хэвтээ хэлбэрийн, 90 минут хүртэл үргэлжлэх видео нийтлэхэд зориулсан Features форматыг нэвтрүүлжээ. Энэ нь YouTube-тэй өрсөлдөх байр сууриа бэхжүүлэх зорилготой аж.
Алдартай подкаст, ярилцлага бүтээгчдийг татахын тулд Meta урт видео нийтэлсний төлөө 50 мянгаас 500 мянган ам.долларын төлбөр санал болгож байгаа талаар мөн мэдээлсэн байна.