Claude чатботыг хөгжүүлэгч АНУ-ын Anthropic компани арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт Nasdaq биржид хувьцаагаа арилжаалж эхэлжээ. Арилжааны эхний өдөр компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босгыг давсан байна. Ингэснээр энэ оны зургаадугаар сард хувьцаагаа олон нийтэд санал болгосон SpaceX-ийн амжилтыг давж, түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй IPO-уудын нэг болжээ.
Төв байрны гадна хиймэл оюуны хөгжлийг эсэргүүцэв
Хувьцааны арилжаа эхэлсэнтэй зэрэгцэн Сан-Франциско дахь компанийн төв байрны гадна эсэргүүцлийн жагсаал болсон байна. Оролцогчид хиймэл оюуны эрчимтэй хөгжил хүн төрөлхтний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг анхааруулж, хөгжүүлэлтийг хязгаарлах шаардлага тавьжээ.
Жагсаалд Anthropic-д судлаачаар ажиллаж байсан Жейкоб Коксон мөн оролцсон байна. Тэрбээр “Энэ технологи бидний амьдралд заналхийлж байгаа учраас бид энд ирсэн. Зөвхөн бидний амьдралд ч биш, бидний мэддэг бүх хүний, тэр байтугай хиймэл оюун гэдэг үгийг ч мэдэхгүй хүмүүсийн амьдралд аюул учруулж байна” хэмээн мэдэгджээ.
Эсэргүүцэгчдийн анхаарал хандуулсан гол асуудал нь хиймэл оюун өөрийн чадварыг нэмэгдүүлж, дараагийн илүү хүчирхэг загварыг хүний оролцоогүйгээр хөгжүүлэх боломж байв. Технологийн салбарт үүнийг Recursive Self-Improvement буюу өөрийгөө давтан сайжруулах үйл явц гэж нэрлэдэг.
Жагсагчид ийм хөгжүүлэлт хүний хяналтаас гарах аюултай гэж үзэн, ажлыг түр зогсоохыг уриалсан байна.
Хувьцааны ханш эхэндээ 34 хувиар өсжээ
Харин бирж дээр Anthropic-ийн хувьцааг худалдан авах сонирхол өндөр байжээ. Компани IPO-гоороо 81 тэрбум ам.доллар төвлөрүүлж, нэгж хувьцааны санал болгох үнийг 83 ам.доллараар тогтоосон байна.
Арилжаа эхлэх үед ханш 111.5 ам.долларт хүрч, анхны үнээсээ 34 хувиар нэмэгджээ. Үүний нөлөөгөөр компанийн зах зээлийн үнэлгээ хэсэг хугацаанд 2 их наяд ам.доллар давсан аж.
Гэвч өдрийн төгсгөлд нэгж хувьцааны үнэ 97.17 ам.доллар болж буурснаар нийт үнэлгээ нь ойролцоогоор 1.77 их наяд ам.долларт тогтжээ.
Аюулгүй хөгжүүлэлт ба арилжааны ашиг сонирхол
Anthropic-ийг 2021 онд OpenAI-ийн долоон ажилтан үүсгэн байгуулсан бөгөөд Claude загваруудаараа олон улсад танигдсан юм. Тус компани хиймэл оюуны аюулгүй байдал, хариуцлагатай хөгжлийг үндсэн зорилгоо хэмээн тодорхойлдог.
Гэсэн ч технологийн хөгжүүлэлт болон арилжааны ашиг сонирхлын хооронд зөрчил үүсэж байгаа эсэхтэй холбоотой шүүмжлэл тус компанийг тойрсоор байна.
Бирж дэх өндөр эрэлт, төв байрны гаднах жагсаал нэг өдөр тохиосон нь хиймэл оюуны салбарыг тойрсон ялгаатай хандлагыг илтгэжээ. Хөрөнгө оруулагчид ирээдүйн боломжид нь их хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаа бол нийгэм, хүн төрөлхтөнд учруулж болзошгүй эрсдэлийн талаарх болгоомжлол мөн нэмэгдэж байна.