SpaceX үүрэн холбооны зах зээлд хүч түрнэ: Starlink Mobile шинэ шатанд гарч байна

SpaceX үүрэн холбооны зах зээлд хүч түрнэ: Starlink Mobile шинэ шатанд гарч байна

SpaceX компани АНУ даяар утасгүй холбооны давтамж ашиглах тусгай зөвшөөрлүүдийг худалдан авах гэрээ байгуулснаа зарлажээ. Энэ алхам нь тус компанийн Starlink Mobile үйлчилгээг өргөжүүлж, SpaceX-ийг үүрэн холбооны томоохон тоглогчдын нэг болгох зорилготой байна.

Гэрээ хэрэгжихийн тулд АНУ-ын Харилцаа холбооны комисс эцсийн зөвшөөрөл өгөх шаардлагатай. Зөвшөөрөл олгогдвол SpaceX 800 МГц-ийн зурваст нийт 14 МГц хүртэлх хосолсон давтамж ашиглах эрхтэй болох аж.

800 МГц-ийн нам давтамжийн дохио хана болон бусад саадыг харьцангуй сайн нэвтэрдэг онцлогтой. Иймээс уг зурвасыг ашигласнаар барилга байгууламжийн доторх үүрэн холбооны хамрах хүрээг сайжруулах боломжтой гэж үзэж байна. Одоогийн ухаалаг гар утаснуудын ихэнх нь энэ төрлийн давтамжийг дэмждэг ажээ.

Starlink Mobile-ийн хүчин чадлыг АНУ даяар нэмэгдүүлнэ

SpaceX шинээр эзэмшихээр төлөвлөж буй нам давтамжийн зурвасаа Starlink Mobile-ийн дэлхий даяар ашиглаж байгаа 2 ГГц-ийн дунд давтамжийн зурвастай хослуулан ашиглах юм байна.

Ингэснээр АНУ-ын хэмжээнд сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, холбооны чанар болон хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Холбогдох байгууллагуудаас шаардлагатай бүх зөвшөөрлийг авсны дараа SpaceX хиймэл дагуулын сүлжээгээ газрын холбооны дэд бүтэцтэй нэгтгэхээр зорьж байна.

Энэ нь зөвхөн хот суурин газрын барилга байгууламжийн дотор, гадна төдийгүй уламжлалт үүрэн холбооны сүлжээ хүрдэггүй алслагдсан бүс нутгуудад ч хөдөлгөөнт холбооны үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

15 мянган шинэ хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авчээ

SpaceX-ийн мэдээлснээр АНУ-ын Харилцаа холбооны комисс Starlink Mobile-ийн дараагийн үеийн хиймэл дагуулын сүлжээ байгуулах хүсэлтийг мөн зөвшөөрсөн байна.

Үүний хүрээнд 2 ГГц-ийн давтамжийн зурвасыг ашиглан дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх зориулалттай 15 мянган хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах зөвшөөрөл олгожээ.

Тус компанийн тайлбарласнаар дараагийн үеийн V2 хиймэл дагуулууд нь одоогийн системээс 100 дахин их өгөгдөл дамжуулах хүчин чадалтай байх аж.

Мөн хэрэглэгчид ухаалаг гар утсандаа нэмэлт төхөөрөмж суурилуулах эсвэл техникийн өөрчлөлт хийх шаардлагагүйгээр хиймэл дагуулын сүлжээнд шууд холбогдож, өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болохоор төлөвлөж байна.

Үүнээс гадна Харилцаа холбооны комисс нэмэлт давтамжийн зурвас ашиглахыг зөвшөөрснөөр шинэ хиймэл дагуулуудыг Starlink-ийн одоо ажиллаж байгаа газрын станцуудын сүлжээтэй холбох нөхцөл бүрдсэн гэж SpaceX мэдээлжээ.

Ийнхүү SpaceX зөвхөн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч хэвээр үлдэх бус, уламжлалт үүрэн холбооны зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрэх бэлтгэлээ эрчимжүүлж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.