АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан Хятадын бизнес эрхлэгч Элис Хуаныг Хятадын тагнуулын төлөө ажилласан гэх нотолгоо олж чадаагүй гэж АНУ-ын албаны хүмүүс Конгрессийн ажилтнуудад зориулсан хаалттай хурлын үеэр мэдэгдсэн. Энэ тухай The Wall Street Journal сонин мэдээлэв.
Хуралд ЦРУ, ФБР, Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон бусад америк тагнуулын байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Тэдний хэлснээр, Элис Хуан болон Nvidia-гийн удирдагчийн харилцаа хувийн шинжтэй байх магадлал өндөр бөгөөд Хятадын тусгай албаны ажиллагааны нэг хэсэг байгаагүй. Гэхдээ шинэ нотолгоо гарвал энэ дүгнэлт өөрчлөгдөж болзошгүй гэдгийг тэд онцолсон.
АНУ-ын албаны хүмүүс мөн Элис Хуан Хятадын Улсын аюулгүй байдлын яамтай холбоо барьж байсныг баталсан. Тус байгууллага түүнд Хятадын хууль тогтоомжийн дагуу мэдээлэл өгөхийг шаардсан аж. Харин бизнес эрхлэгч тагнуулд чухал нууц мэдээлэл дамжуулсан гэх нотолгоо одоогоор байхгүй байна.
Хурлын үеэр Элис Хуаны нөхөр гэж үздэг, Хятадын тагнуултай холбоотой гэдэг Кан Вэйг тусдаа дурдсан байна.
АНУ-ын тагнуулын байгууллагуудын шалгалт үргэлжилж байна. Тухайлбал, Nvidia-гийн түнш Megaspeed International компанид удирдах албан тушаал хашиж байсан бизнес эрхлэгчтэй Женсен Хуангийн дотно харилцаа Америкийн чипийг Хятад руу хууль бусаар нийлүүлэхэд нөлөөлсөн эсэхийг тогтоохыг тэд оролдож байна.
Ойрын хугацаанд Женсен Хуан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гурван хорооны хаалттай сонсголд мэдүүлэг өгөх ёстой. Мөн 12-р сарын 3-нд Сенатын банкны хорооны нээлттэй сонсголд оролцохоор төлөвлөжээ. Хэлэлцүүлэлтэд Nvidia-гийн ерөнхий хуульч мөн оролцоно.