Хакерууд хуурамч ажлын ярилцлага, зар сурталчилгаанд нуусан хортой программ ашиглан Binance-ийн программ хангамжийн инженерүүдийн компьютерт нэвтэрч, улмаар 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлсан талаар тус бирж мэдээлжээ.
Binance-ийн анхны тайланд дурдсанаар халдлагын бэлтгэл зургадугаар сараас эхэлж, хэд хэдэн үе шаттайгаар үргэлжилсэн байна. Үндсэн хулгай өнгөрсөн пүрэв гарагт болсон бөгөөд бирж халдлагыг илрүүлсний дараа системээ хамгаалж, мөнгө татан авалтыг зогсоох арга хэмжээ авчээ.
Гэсэн ч халдагчид анхны шилжүүлгээ хийснээс хойш бараг дөрвөн цагийн турш биржээс криптовалют гаргасаар байсан гэж мэдээлсэн байна.
Binance хулгайд өртсөн хэрэглэгчдийн хөрөнгийг бүрэн нөхөн төлнө гэдгээ мэдэгджээ.
Халдлага нэг ажилтны татаж авсан программаас эхэлсэн
Binance-ийн тайлбарласнаар зургадугаар сард криптовалютын хэтэвч хөгжүүлэлтийн багийн нэг ажилтан интернэтээс хортой код шингээсэн программ татаж авснаар халдлагын эхлэл тавигдсан байна.
Компанийн зүгээс асуудлыг илрүүлсний дараа тухайн ажилтны төхөөрөмжийг сольж, нэвтрэх мэдээллийг шинэчилсэн ч тэр үед зарим ажлын мэдээлэл болон хэтэвч хөгжүүлэлтийн багтай холбоотой өгөгдөл хакеруудын гарт орчихсон байжээ.
Халдлагын талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр программын хортой хувилбарыг төлбөртэй сурталчилгаагаар түгээж байсан тул хайлтын системд жинхэнэ сайтаас дээгүүр харагдах тохиолдол гарч байсан аж.
Хоёр дахь инженер хуурамч ажлын ярилцлагад оржээ
Есдүгээр сард шинэ ажил хайж байсан Binance-ийн өөр нэг программ хангамжийн инженер хуурамч компанийн ажлын ярилцлагад оролцсон байна.
Тэрбээр өөрийгөө компанийн гүйцэтгэх захирал гэж танилцуулсан хүнтэй цахимаар уулзсаны дараа тухайн байгууллагыг бодит гэж итгэж, “программын сан” нэртэй файл татаж авчээ.
Гэвч уг файлд хортой код агуулагдаж байсан гэж Binance тайлбарласан байна.
Аравдугаар сарын 20-нд халдагчид тухайн инженерийн компьютерт нэвтэрч, компанийн дотоод хиймэл оюуны хэрэгслийг ашиглан хэтэвч хөгжүүлэгчдийн систем болон өөр нэг инженерийн компьютерт хяналт тогтоожээ.
Есөн хоногийн дараа тэд хоёр дахь инженерийн төхөөрөмжөөр дамжин, эхний ажилтнаас өмнө нь авсан нэвтрэх мэдээллийг ашиглан хортой скрипт ажиллуулснаар үндсэн халдлагаа эхлүүлсэн байна.
Хэтэвчид нэвтрэх эрх цөөн ажилтанд байдаг
Binance-ийн дотоод зохион байгуулалтын дагуу криптовалют хадгалдаг болон арилжаанд ашигладаг хэтэвчид шууд нэвтрэх эрхтэй инженерүүдийн тоо хязгаарлагдмал байдаг гэж эх сурвалж мэдээлжээ.
Гэсэн ч халдагчид хэд хэдэн ажилтны төхөөрөмж, нэвтрэх мэдээллийг шат дараатай ашигласнаар тусгай эрхтэй системд хүрч чадсан байна.
Энэхүү хэрэг нь техникийн хамгаалалтаас гадна ажилтнуудыг хууран мэхлэх нийгмийн инженерчлэлийн арга кибер халдлагад ямар том эрсдэл үүсгэж болохыг дахин харууллаа.
Холбооны мөрдөх товчоо Умард Солонгостой холбоотой бүлэглэлийг сэжиглэжээ
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо халдлагын ард Умард Солонгостой холбоотой хакерын бүлэглэл байж болзошгүй гэж үзсэн байна.
Харин Пёньян уг буруутгалыг няцаажээ.
Binance-ийн эсрэг халдлага нь дэлхийн хамгийн том криптовалютын биржүүдийн нэгийн аюулгүй байдал хэрхэн хүний хүчин зүйлээр дамжин эвдэгдэж болохыг харуулсан томоохон жишээ боллоо. Мөн дижитал хөрөнгийн салбар улс төрийн зорилготой эсвэл төрийн дэмжлэгтэй байж болзошгүй кибер халдлагад эмзэг хэвээр байгааг дахин анхаарлын төвд оруулжээ.