Ормузын хоолойн хурцадмал байдал зах зээлд нөлөөллөө
Дэлхийн санхүүгийн зах зээл Donald Trump-ийн зарласан “Project Freedom” нэртэй шинэ геополитикийн санаачилгад харилцан адилгүй хариу үзүүллээ. Газрын тосны үнэ бага зэрэг буурсан бол Bitcoin эсрэгээрээ огцом өсөж, 80 мянган ам.долларын түвшинд ойртсон байна.
“Project Freedom” ажиллагааг зарласны дараа газрын тосны фьючерсүүд дунд зэргийн уналт үзүүлжээ. Brent төрлийн газрын тос ойролцоогоор 0.16 хувиар буурч, нэг баррель нь 108 ам.доллар орчимд хүрсэн бол АНУ-ын WTI 0.29 хувиар суларч, 101 ам.долларын орчимд арилжаалагдсан байна.
Харин криптовалютын зах зээл өсөлтөөр хариу барив. Азийн өглөөний арилжааны үеэр Bitcoin 80,000 ам.долларт хүрэх дөхөж, дараа нь 79,715 ам.долларын орчимд тогтворжжээ. Ингэснээр сүүлийн 24 цагийн дотор бараг 2 хувийн өсөлт үзүүлсэн байна.
“Project Freedom” гэж юу вэ
Ням гарагт Donald Trump “Project Freedom” ажиллагааг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Түүний тайлбарласнаар, уг ажиллагаа нь хүмүүнлэгийн зорилготой бөгөөд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх төвийг сахисан гадаадын хөлөг онгоцуудыг хамгаалан дагалдах зорилготой аж.
АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Ормузын хоолой дахь усан тээврийн нөхцөл байдал хүндрээд байгаа гэж мэдээлэгдэж байна. Ажиллагаа Ойрх Дорнодын цагаар даваа гарагт эхлэхээр төлөвлөгджээ. Trump ямар нэгэн саад, хөндлөнгийн оролцоо гарвал хатуу хариу үзүүлнэ гэж анхааруулсан байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Төв командлал бүс нутагт их хэмжээний хүч байршуулж буйгаа мэдээлжээ. Үүнд удирдлагатай пуужингаар зэвсэглэсэн destroyer хөлгүүд, 100 гаруй нисэх хэрэгсэл, дрон системүүд болон ажиллагааг дэмжих 15,000 орчим цэрэг багтаж байгаа аж.
Гэсэн ч хатуу мэдэгдлийн зэрэгцээ Trump Тегерантай хийж буй яриа хэлэлцээний талаар болгоомжтой өөдрөг байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр хэлэлцээ “маш эерэг” уур амьсгалтай байгаа гэж мэдэгджээ.
Харин Ираны тал эсрэг байр суурьтай байна. Тус улсын парламентын төлөөлөгч Ebrahim Azizi АНУ Ормузын хоолойн нөхцөл байдалд оролцвол үүнийг тохиролцоог зөрчсөн, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзнэ хэмээн мэдэгдсэн байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хамгийн чухал маршрутуудын нэг тул түүнийг хаагдах, саатах эрсдэл үүсэхэд эрчим хүчний үнэ шууд савладаг. Харин криптовалютууд геополитикийн тодорхойгүй үед “эрсдэлтэй хөрөнгө” хэлбэрээр хөдөлж, хөрөнгө оруулагчдын мөнгөний урсгалд хурдан хариу үзүүлэх нь элбэг.
Шинжээчдийн үзэж байгаагаар, цаашдын зах зээлийн чиг хандлага Ормузын хоолойн нөхцөл хэрхэн өрнөхөөс ихээхэн хамаарна. Хэрэв хурцадмал байдал нэмэгдвэл газрын тос болон крипто хөрөнгийн үнэ дахин огцом савлаж болзошгүй. Харин дипломат ахиц гарвал зах зээлийн одоогийн чиглэл богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой юм.
