АНУ-ын тоглоомын компани Activision шинэ Call of Duty: Modern Warfare 4 тоглоомдоо 2022 оны Итаевоны олны шахцалдааны үеийн бодит дүрс бичлэгийг ашигласныхаа төлөө албан ёсоор уучлал хүсэж, тухайн хэсгийг тоглоомоос бүрэн устгахаа мэдэгджээ.
MBC-ийн мэдээлснээр маргаан дагуулсан дүрсийг арваннэгдүгээр сарын 12-нд гарах шинэчлэлтээр тоглоомоос бүхэлд нь хасахаар болсон байна.
Activision мэдэгдэлдээ:
“Бид талийгаачдын ар гэр, хохирогчид болон энэ явдлаас болж гүн шархалж, сэтгэл санааны хүнд байдалд орсон бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлж, чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна”
гэжээ.
Бодит мэдээний дүрсийг тоглоомд ашигласан нь маргаан дагуулав
Call of Duty: Modern Warfare 4 нь Солонгосын хойгт өрнөх зохиомол өргөн хүрээний дайны тухай өгүүлдэг.
Activision тоглоомыг бодит мэт мэдрэмж, өндөр түвшний immersion өгөх зорилготой уран зохиолын бүтээл гэж тайлбарласан байна. Мөн бодит мэдээний дүрс бичлэг ашигласан нь Итаевоны эмгэнэлт явдал болон бусад бодит гамшгийг сануулах, эсвэл тэнд учирсан зовлонг үл ойшоох зорилготой байгаагүй гэж мэдэгджээ.
Гэсэн ч тоглоомд 2022 оны Итаевоны олны шахцалдааны үеийн дүрс орсныг олж мэдсэний дараа хохирогчдын ар гэр болон иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Тэд бодит эмгэнэлт явдлын бичлэгийг энтертайнмент бүтээгдэхүүнд ашигласан явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, уг дүрсийг тоглоомоос нэн даруй устгахыг шаарджээ.

159 хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал
2022 оны аравдугаар сарын 29-нд Сөүл хотын Итаевон дүүрэгт Хэллоуины баярын үеэр асар олон хүн нэг дор цугларсны улмаас шахцалдаан үүсэж, 159 хүн амь үрэгдсэн юм.
Үүнээс хойш уг эмгэнэлт явдалтай холбоотой дүрс, мэдээллийг олон нийтэд хэрхэн ашиглах талаар Солонгост эмзэг хандсаар ирсэн.
Activision-ийн шинэ тоглоомд бодит бичлэг орсон нь талийгаачдын ар гэрийн дургүйцлийг төрүүлж, компаниас тайлбар болон арга хэмжээ шаардах шалтгаан болсон байна.
Ингээд Activision уучлал хүсэж, асуудалтай дүрсийг шинэчлэлтээр бүрэн устгахаа баталгаажуулжээ.