Нэгэн цагт мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютерын санааг шүүмжилж байсан Apple компани түүхэндээ анх удаа touchscreen дэлгэц бүхий MacBook Pro-оо танилцуулжээ.
Шинэ загвар нь PROLED XDR Display нэртэй мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус албан тушаалаа авснаас хойших хоёр сарын хугацаанд танилцуулсан цуврал шинэ бүтээгдэхүүний нэг болж байна.
Apple үүнээс өмнө iPhone Duo, HomeView зэрэг шинэ төхөөрөмжүүдээ танилцуулаад байсан бол энэ удаа MacBook Pro-ийн үндсэн хэрэглээний зарчмыг өөрчилсөн шийдэл нэвтрүүлжээ.
14 болон 16 инчийн хоёр хувилбартай
Шинэ MacBook Pro арваннэгдүгээр сарын 6-наас худалдаанд гарах бөгөөд 14 болон 16 инчийн хоёр хэмжээтэй байх юм.
Төхөөрөмжийн дотоод хэсэгт Apple-ийн өөрийн хөгжүүлсэн M5 Pro эсвэл M5 Max чип суурилуулах сонголттой байна.
14 инчийн хувилбарын эхлэх үнэ 2,899 ам.доллар бол 16 инчийн загвар 3,399 ам.доллароос худалдаалагдах аж.
Apple шинэ MacBook Pro-г ялангуяа график дизайнер, хөгжмийн уран бүтээлч, программ болон аппликэйшн хөгжүүлэгчдэд зориулсан мэргэжлийн төхөөрөмж хэмээн тодорхойлжээ.
Мэдрэгчтэй дэлгэцтэй болсон ч одоо ашиглагдаж буй ихэнх аппликэйшнийг тусгайлан дахин боловсруулах шаардлага бага гэж Apple үзэж байна. Учир нь хурууны даралтыг систем хулганы үйлдэлтэй төстэй байдлаар таних боломжтой тул олон программ шинэ дэлгэцтэй шууд зохицон ажиллах аж.
Apple өмнө нь touchscreen компьютерийг шүүмжилж байв
Мэдрэгчтэй дэлгэц бүхий зөөврийн компьютер зах зээлд гараад арав гаруй жил болжээ.
Microsoft 2012 онд Windows 8 үйлдлийн системээ танилцуулснаар touchscreen компьютерын хөгжлийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц өгсөн байдаг.
Гэвч Apple тухайн үед энэ чиг хандлагад нэлээд эргэлзээтэй хандаж байв. 2013 онд компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Тим Күүк өрсөлдөгчдийн ийм төхөөрөмжийг шүүмжилж:
“Манай өрсөлдөгчид төөрөгдөлд орсон байна. Тэд PC-ийг таблет, таблетыг PC болгохыг оролдож байна. Цаашдаа юу хийхийг нь таашгүй”
хэмээн хэлж байжээ.
Эхний үеийн touchscreen компьютерууд үнэхээр ажиллагааны алдаа, интерфейсийн таарамжгүй байдал зэрэг асуудалтай байсан ч технологи хөгжихийн хэрээр хэрэглээ нь эрс сайжирсан юм.
Apple-ийн хувьд зарим шинэ технологийг зах зээлд бусдаас хожуу нэвтрүүлэх тохиолдол цөөнгүй. Гэхдээ компани ийм шийдлүүдийг өөрийн экосистемд илүү боловсронгуй байдлаар нэгтгэснээр өргөн хэрэглээнд хүргэж чаддаг гэдгээрээ танигдсан.
Ийнхүү Apple олон жилийн өмнөх байр сууринаасаа татгалзаж, MacBook Pro-д анх удаа touchscreen дэлгэц нэвтрүүлснээр зөөврийн компьютерынхаа хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна.